Ноолуурын салбарынхан чуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dusem11@yahoo.com
2019-05-23 16:03:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Ноолуур бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ ба тогтвортой хөгжил” сэдэвт олон улсын хурал “Блю Скай” зочид буудлын хурлын танхимд болж байна.


Тогтвортой ноос ноолуурын эвслээс зохион байгуулж байгаа уг уулзалтад ноолуур бэлтгэн нийлүүлэгчид болон холбогдох албаны хүмүүс зэрэг дотоод, гадаадын төлөөлөгчид оролцон санал солилцон, хэлэлцүүлэг өрнүүлж байна.



Энэхүү хурлаар, ноолуур бэлтгэн нийлүүлэх сүлжээний оролцогчид уулзаж, салбарын тогтвортой байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тогтвортой хөгжил ба урт хугацааны шинэлэг хамтын ажиллагааг өрнүүлэх талаар хэлэлцэх зорилготой аж.


Хуралд Төр засгийн төлөөлөл, шинжлэх ухаан болон бусад салбарын оролцогч талууд, санхүүгийн байгууллага болон олон улсын хандивлагч байгууллагын төлөөлөл оролцож байгаа нь монгол ноолуур нь ямар их эрэлт хэрэгцээтэй байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдгийг нотлон харуулж байна.



Малчдын бүлэг, орон нутгийн төлөөлөл, ноолуур боловсруулагч, худалдагч, борлуулагчдаас ноолуур угаах, самнах үйлдвэрүүд цаашлаад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй асуудлууд, оновчтой гарц шийдлүүдийн тухай ярилцаж, санал солилцож байгаа юм.


Ноолуурын салбар нь малчдын амьжиргааг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй олон оронд нэмүү өртөг шингээсэн ажил эрхлэлтийг бий болгодог. Ноос ноолуур, арьс шир, мах сүү зэрэг бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт нь нэг цэгээс урган гардаг бөгөөд анхдагч эх үүсвэр нь байгаль орчин ба бэлчээрийн төлөв байдлаас бүрэн хамааралтай онцлогийг тодруулан нухацтай ярилцан, гарц шийдлүүдийг эрэлхийлж байгаа юм. 

Холбоотой мэдээ