Г.Ганбаяр: Хөөрүүлсэн сүү, тогооны өрөм, элгэн таргаа их санадаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-23 13:49:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбооноос Жозе Моуриньогийн хүүхдийн хаалганд гоол оруулсан, "Пушкаш" академийн тоглогч Г.Ганбаяр хэрхэн Унгарын академид тоглох болсон, Real Madrid, Bayern Munchen багуудтай тоглосон тухай ярилцлагыг О.Алтангадасын хөрвүүлснээр толилуулж байна.

 

Намайг Ганболдын Ганбаяр гэдэг. 2000 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрж өссөн. Аймгийнхаа Улсын тэргүүний 4-р сургуулийг төгссөн. Багадаа их хөдөлгөөнтэй, ахыгаа байнга дагаж явдаг, ах юу л хийнэ түүнийг нь би дуурайдаг байлаа. Ах маань хөлбөмбөг сайн тоглодог, Монгол Улсын өсвөрийн шигшээд хүртэл тоглодог байсан тул би бас дагаад хөл бөмбөгийн бэлтгэлд явдаг болсон. Ер нь манай байрны ах нар, найзууд гээд бүгд л хөлбөмбөг тоглохдоо их сайн. Салхи шуурга, бороо шороо гээд цаг агаар хамаагүй үргэлж л тоглоцгоодог байлаа.

 

Миний хөлбөмбөгийн анхны багш бол Спортын мастер Ганхуяг юм. Би ихэнхдээ үеийнхнээсээ 3-4 насаар ах хүүхдүүдтэй тоглодог байсан. 7 настайдаа анх Улсын аваргын тэмцээний U-11 насанд ах нартайгаа орж тоглоод мөнгөн медаль хүртэж байсан. Гэхдээ би тоглоогүй л дээ. Тэгээд би ээж рүүгээ утсаар залгаад, “Намайг талбайд гаргасангүй” гээд л уйлж байснаа тод санадаг.

Хөлбөмбөгөөр хичээллээд 12 жил болж байна. 7 наснаасаа эхлээд Сэлэнгэ аймгийнхаа шигшээд Ганхуяг багшийнхаа удирдлаган дор тоглосон. 11 настайдаа Хоромхон клубт орж, Гансүх болон Пүрэвсүх багш нарынхаа удирдлага дор тоглож эхэлсэн.


 

Анх Энхжин ахын саналаар Английн Барнет Эф Си клубт шалгуулахаар Баттулга дасгалжуулагч, Гал-Эрдэнэ ах нарын хамт Англи руу явсан юм. Тэнд очоод 4 тоглолтод 3 гоол, 2 гоол дамжуулсан. Stabaek, Southend, Fulham, Norwich гэсэн багуудтай тоглосон. Fulham клубийн эсрэг 2 гоол хийж, нэг гоолын дамжуулалт өгсөн. Тэр тоглолтын дараа Английн хамгийн алдартай “Daily Mail”-ийн сэтгүүлч ирж надаас ярилцлага авсан юм.

 

Сэтгүүлч: “Жозе Моуриньогийн хүүхдийн хаалганд гоол хийсэн сэтгэгдэл ямар байна?” гэж асуусан. Би бүр гайхаад асуутал, Фулхэмийн хаалгач нь Жозе Моуриньогийн хүүхэд байсан юм билээ.

 

Тэгээд Barnet клубт тэнцсэн боловч насанд хүрээгүй, аав ээжийгээ Англид авчрах ёстой гэсэн ФИФА-гийн дүрмээс болоод Монгол руугаа буцсан даа.

 

Тэгээд зун нь 6 сард Мэргээ гээд хар багын найзындаа хоносон юм. Бид хоёр шөнөжингөө кино үзээд бараг унтаагүй. Тэгтэл өглөө гэнэт Жийгээ багш залгаад, “Хөлбөмбөгийн холбоон дээр яаралтай хүрээд ир” гэсэн. Тэгээд бид хоёр шөнө унтаагүй, ядарсан амьтад яваад очтол “Пушкаш” клубын сонгон шалгаруулалт болж байсан. Зөндөө хүүхдүүд ирчихсэн, хувцас хунараа сольчихсон байж байна. Бид хоёр санд мэнд хувцсаа солиод шалгаруулалтад орсон. Удалгүй МХБХ-ноос: “Ганбаяраа, чи тэнцсэн шүү, баяр хүргэе” гэж хэлсэн. Тэгээд эндээс гурван хүүхдийн хамт Унгар явсан даа.

 

Нэг жилийн гэрээтэй яваад, би үргэлжлүүлэн сурахаар болж, 2016-2018 оны 6 сар хүртэл Пушкашт бэлтгэл сургуулилт хийсэн. 2018 оны 8 сарын 6-нд анхны гэрээгээ үзэглэсэн, одоо Пушкаш академидаа тоглож байна.

 

Оролцсон том тэмцээнүүдээс дурдвал “Suzuki Cup” гээд тэмцээн болдог. Дандаа шилдэг клубууд болох Real Madrid, Bayern Munchen, Sporting, Honved, Panatinaikos зэрэг дэлхийн хэмжээний клубууд оролцдог. Хоёр зоонд хуваагдаж тоглоод, манайх Bayern Munchen-ийг 1:0-ээр хожиж, Panatinaikos багт 1:0-ээр хожигдсон. Тэгээд хүрэл медалийн төлөө Honved багтай тоглож, торгуулийн цохилтоор хожиж байлаа.

 

Өмнө жил нь Real Madrid клубийн U-19 насны багтай нөхөрсөг тоглолт хийж, 1:0-ээр хожсон юм. Миднийг хожсон даруйд Унгарын сонин сэтгүүлүүд “Унгар Испанийг хожлоо” гээд л нийтэлж, бөөн баяр болж байлаа. Тухайн тоглолтод манай багийн 7 тоглогч сэлгээ хийж, би довтлогч нараас ганцаараа бүтэн тоглосон юм. Хараахан гоол оруулж чадаагүй ч сайн тоглосон гэж дасгалжуулагч магтахад их урам зориг авч байлаа.

 

Мэдээж эх орноосоо, аав ээж найз нөхдөөсөө хол байгаа болохоор гэрээ санах, Монгол хоолоо санах гэх мэт бэрхшээлүүд байдаг. Ялангуяа бага байхад орой бүр уудаг байсан хөөрүүлсэн сүү, өглөө иддэг тогооны өрөм, элгэн тараг гээд л эндээс хайгаад яагаад ч олдохгүй зүйлсээ их санадаг даа.

  

Холбоотой мэдээ