АСЕМ-ын өмнө Монголд есөн арга хэмжээ болно

Дэлхийд
jargal@montsame.mn
2016-03-28 17:51:55

БИШКЕК. /CA-NEWS/. Зүүн Азийн болон Европын орнуудыг нэгтгэдэг олон улсын байгууллага болох АСЕМ буюу Ази-Европын уулзалтын өмнө Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод өндөр түвшинд зохион байгуулах есөн арга хэмжээний нэг нь дөрөвдүгээр сарын 21-22-нд болох Ази-Европын парламентын түншлэлийн IX уулзалт юм. Уг уулзалтад парламентын 250 гаруй төлөөлөгч оролцох төлөвтэй байна.

Энэ удаагийн уулзалтыг “АСЕМ: Ази, Европын парламентын гишүүдийн оролцоо ба үүрэг” сэдвийн дор зохион байгуулна.

Бусад найман арга хэмжээг, тодруулбал, АСЕМ-ын удирдах албан тушаалтнуудын уулзалтыг тавдугаар сарын 12-13-нд, АСЕМ-ын орнуудын Сангийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалтыг зургадугаар сарын 9-10-нд, Ази-Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалтыг зургадугаар сарын 20-21-нд, Ази-Европын иргэний дээд хэмжээний 11 дүгээр уулзалтыг долдугаар сарын 1-2-нд, АСЕМ-ын Залуучуудын чуулга уулзалт долдугаар сарын 6-7-нд, Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалтыг долдугаар сарын 9-10-нд, АСЕМ-ын удирдах албан тушаалтнуудын уулзалтыг долдугаар сарын 12-14-нд, Ази-Европын бизнесийн 15 дугаар уулзалтыг долдугаар сарын 13-14-нд зохион байгуулах юм.

Улс төрийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах АСЕМ-ын уулзалтуудын үеэр олон улсын терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, үй олноор нь хөнөөх зэвсэг, олон улсын цагаачлалын үйл явц, хүний эрхийн асуудал, даяаршлын нөлөөлөл, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд олон улсын санхүүгийн бүтцийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалт болон худалдааг дэмжих, Ази-Европын санхүүгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэн солилцоо, иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг, мөн Ази-Европын харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ