Ж.Энхбаяр: Энхийг сахиулагчдын зэвсэг, техникийг шинэчлэх хэргтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-22 17:59:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Тогтоолын төслийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулсан. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд 20 зорилтын хүрээнд 118 ажил өрнүүлэхээр тусгажээ. Эдгээр ажлыг гүйцэтгэхэд 10 их наяд 216.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Үндсэн чиглэлийг амжилттай хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 6 хувь байна хэмээн тооцжээ. Мөн инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 6.5 хувиас бага байна гэдгийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулгадаа дурдсан.


Танилцуулгын дараа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Содбилэг нар зэвсэгт хүчин, онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, газар хөдлөлт, гал түймэр, үер усны аюул зэрэг гамшгийн эрсдэлийг бууруулах хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай байгааг онцолж байв.


Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, "НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх, зэвсэг, техникийг шинэчлэхэд Засгийн газар, салбарын яам онцгой анхаарч төсөв хөрөнгийг нэмэх хэрэгтэй" хэмээв. Ийнхүү байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.    


Холбоотой мэдээ