Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 118 ажил өрнүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-22 17:38:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Тогтоолын төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд 20 зорилтын хүрээнд 118 ажил өрнүүлэхээр тусгажээ. Эдгээр ажлыг гүйцэтгэхэдд 10 их наяд 216.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Үндсэн чиглэлийг амжилттай хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 6 хувь байна хэмээн тооцжээ. Мөн инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 6.5 хувиас бага байна гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулгадаа дурдсан.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Б.Батзориг, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн эдийн засгийн өсөлтийг сайжруулахад хөдөө аж ахуйн салбар чухал гэдгийг онцлоод үндсэн чиглэлийг боловсруулахдаа уг салбарын нэн тэргүүний зорилтыг тодорхойлж, түүний хэрэгжүүлэх төсөв санхүүжилтийг нь хамтад нь  шийдэх шаардлагатай гэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажлын байр бий болгох, импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, экспортыг нэмэх шаардлагатай байгааг онцолсон юм. Ийнхүү байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Холбоотой мэдээ