Иорданд олгосон зээлээ Дэлхийн банк нэмэгдүүлэхээр болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-03-28 14:25:33

АММАН. /Xinhua/. Сирийн дүрвэгсэд болон Иорданы иргэдийг дэмжиж туслахын тулд тэдэнд зориулан олгосон хүүгүй зээлээ 100 сая доллароор нэмэгдүүлэхээр болсныг Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким ням гарагт мэдэгдлээ.

Иордан уг зээлд хүү төлөхгүй, 40 жилийн хугацаанд буцаан төлж болно хэмээн тэрбээр Амманд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.

Иорданы Төлөвлөлт, олон улсын хамтын ажиллагааны сайд Лмад Фахоури 250 сая долларын өөр хөнгөлөлттэй зээл авахаар Дэлхийн банктай хэлэлцээ хийж байгаагаа мэдэгджээ.

Сириэс олон дүрвэгч ирж байгаагаас үүдэлтэй сорилтуудыг даван туулахад олон улсын нийгэмлэгээс байнга дэмжлэг туслалцаа үзүүлэх шаардлагатай гэж Иорданы Гадаад хэргийн сайд Нассер Жуд хэвлэлийн бага хурлын үеэр онцлон тэмдэглэсэн байна.

Тэрчлэн тэрбээр олон салбарт Иордан улсад тулгарч буй сорилт бэрхшээлүүдийн талаар, ялангуяа, тус улс Сирийн 1,3 сая дүрвэгчийг нутагтаа байрлуулж буй талаар онцлон дурдав.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ