Авто ослыг бууруулах “Гэрэлтэй гарц” аян хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-05-17 13:09:12
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймагт “Гэрэлтэй гарц” аян хэрэгжинэ. Үүнийг автомашин сонирхогч “Х бүүст” клубын залуус  “Гэрэлтэй Эрдэнэт” хөтөлбөрийг санаачлагч Б.Бат-Эрдэнэ нар хамтран хэрэгжүүлэх юм.

“Х бүүст” клуб нь жил бүр Эрдэнэт хотноо “Ice Drift” өвлийн уралдаан зохион байгуулдаг бөгөөд сонирхлоороо нэгдсэн залуус нийгмийн хариуцлагын хүрээнд “Гэрэлтэй гарц” төслийг хэрэгжүүлж ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын гарцуудыг сэргээн засварлаж, гэрэлтүүлэг тавих ажээ. Ингэснээр авто замын осолд өртөх хүүхдүүдийн тоо буурна хэмээн төсөл санаачлагчид үзэж байна.

Тус хөтөлбөрийг Орхон аймгийн Цагдаагийн газар, аймгийн ЗДТГ дэмжиж Эрдэнэт хотын нийт жолооч, автомашин сонирхогчдын дунд уриалга гарган ажиллах гэнэ. Өнгөрсөн онд Монгол Улсын хэмжээнд зам тээврийн осолд 1120 хүүхэд өртсөн бөгөөд өвлийн улиралд гэрэлтүүлэг муугаас болж жолоочийн үзэгдэх орчин хязгаарлагдсанаас сургууль, цэцэрлэгийн ойр орчимд авто осол гарах тохиолдол олон байсан ажээ. Иймд дээрх “Гэрэлтэй гарц” аян өрнүүлэхээр болсон байна.

 

Холбоотой мэдээ