Хот тохижилтын 20 гаруй ажилтныг үнэ төлбөргүй эмнэлгийн үзлэгт хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-05-16 17:13:30

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Хот тохижилтын үйлчилгээ" ОНТҮГ-ын 20 гаруй ажилтныг Ц.Баянмөнх захиралтай "Дурсамж принтинг" ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнэ төлбөргүй лаборатори шинжилгээнд болон нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулжээ.

Үүрийн харанхуйгаас үдшийн бүрий өнгөртөл хөдөлмөрлөхийн зэрэгцээ аагим халуун, аадар бороо, цасан болон шороон шуурганд ч хүрз, жоотуу, шүүрээ бариад л хүнд ажилдаа түүртэлгүй зүтгэж байдаг дээрх ажилчдыг "Дурсамж принтинг" ХХК тус үзлэг шинжилгээнд хоёр дахь жилдээ хамруулж байгаа аж.

Цаг наргүй ажлын хажуугаар өөрсдийгөө шинжилгээ оношилгоонд хамруулж чаддаггүй учир тус арга хэмжээ ажилчдад том дэм болдгийг Хот тохижилтынхон хэлж байсан. Харин "Дурсамж принтинг"-ийнхэн, "Тус хаана ч багаддаггүй. Нутгийн бусад албан газар байгууллага, томоохон компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аяныг ямар ч хэлбэрээр өрнүүлж болно" гэдгийг хэлж байлаа.

Холбоотой мэдээ