Төр нийгмийн зүтгэлтэн Ц.Шийрэвдамба агсны гэрэлт хөшөөг босгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-05-16 14:39:07

Баянхонгор /МОНЦАМЭ/. Зуны эхэн сарын шинийн наймны билэгт сайн өдөр Богдчууд, тус сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олон өөрийн сумаас төрж гарсан олон сайхан эрдэмтэн докторуудын сор болсон нэгэн эрхмийн гэрэлт хөшөөг сүндэрлүүлэх учир ерөөл тохиожээ.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Богд суманд УИХ-ын гишүүн асан, төр нийгмийн зүтгэлтэн, Байгалийн шинжлэх ухааны доктор Цэрэндуламын Шийрэвдамба агсны гэрэлт хөшөөг сүндэрлүүлжээ. Нутгийн зон олон хийгээд хүүхэд залуучууд, хойч үеийнхэндээ эрхэм докторын хийж хэрэгжүүлж явсан ажил үйлс, бүтээл туурвил, Монголын төр нийгэмд болон Байгалийн шинжлэх ухаан, байгаль орчинд оруулсан гавьяат үйлсийг мөнхжүүлэх зорилгоор тус хөшөөг босгосон байна.

Анхны санаачилгыг Богд сумын Засаг дарга Н.Эрдэнэболд гарган, Ц.Шийрэвдамба агсны гэр бүл, үр хүүхдүүдэд уламжилснаар ийнхүү бодит биелэлээ олжээ.

Ц.Шийрэвдамба агсны гэр бүл, ахан дүүс нь энэ их эрдэмтэн, төр нийгмийн зүтгэлтнээ Монголын ард түмэн, залуу хойч үеийнхэндээ таньж мэдрүүлэх олон ажлыг хийсэн байна. Баримтат кино, Үзэг тулсан төрийн түшээ ном бүтээлийг туурвин гаргасны зэрэгцээ түүний төрөлх нутагт нь гэрэлт хөшөөг нь ийнхүү сүндэрлүүлж, нутгийн зон олных нь гэгээн хойморт мөнхжүүллээ.

Дашрамд, Баянхонгор аймгийн Богд сум төр нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэд, урлаг, спортын болон хөдөлмөр бүтээлийн олон арван нэр цуутнуудыг төрүүлсэн бахархалт түмний өлгий нутаг. Улсын баатар Норпилын Жамбаа, Соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн, тоо зүйн ухааны доктор профессор Сономын Лувсанвандан, "Нисэхийн" хэмээх Пагмын Аюуш арслан зэрэг гавьяатнууд Богд нутгаар овоглодог.

Холбоотой мэдээ