"Буур" Н.Жамьян аваргын мэндэлсний 120 жилийн ойн барилдаан болно

Монголын мэдээ | Спорт
183@montsame.mn
2019-05-15 21:04:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний спортын гавьяат тамирчин, даян аварга, олон түмэндээ "буур" хэмээн алдаршсан Нацагийн Жамьяны мэндэлсний 120 жилийн ойд зориулсан барилдаан энэ сарын 26-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Архангай аймгийн Тариат сумын харьяат Н.Жамьян ардын засгийн жилүүдэд төрийн их баяр наадамд хоёр удаа түрүүлж, нэг удаа үзүүрлэж, 12 удаа шөвгөрсөн эр бяр, эрэмгий хүчээрээ  "буур" хэмээн домогшсон их бөх билээ. Тариат, Цахир сумын залгаа Тэрхийн голын хөвөөнд төрсөн нутагт нь 100 жилийн ойг нь тэмдэглэхэд зээ хүү Г.Өсөхбаяр улсын заан цолтойдоо түрүүлэн /одоо дархан аварга, Монгол Улсын гавьяат тамирчин/, Монгол Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ үзүүрлэж байсан юм.


Харин Их аваргын 120 жилийн ойн барилдаан нийслэлд болж, 256 бөхөөс түрүүлсэн бөхөд 5 сая төгрөгийн бай шан гардуулна. Мөн төрийн их баяр наадамд түрүүлсэн аварга цолтонд хүндэтгэл илэрхийлэх юм байна.

Холбоотой мэдээ