Туул голын усанд 15 хорт элемент агуулагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-15 19:05:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Хан-Уул дүүргийн зарим хороод, Төв аймгийн Алтанбулаг сумын ажилтай өнөөдөр танилцаж, Туул голын ай сав дагуух ус, хөрс, агаарын бохирдлыг бууруулах үүрэг өглөө. Тус голын усанд хүн, мал, байгаль орчинд аюултай 15 хорт элемент агуулагдаж байгааг шинжилгээгээр тогтоосон байна.


Хан уул дүүргийн 12, 13 дугаар хорооны Сонгино, Биокомбинат, Шувуу фабрик орчим, Төв аймгийн Алтанбулаг сумын иргэд Туул голын ай савд аж төрдөг билээ. Нийслэлийн Төв цэвэрлэх байгууламж, арьс ширний үйлдвэрүүдийн бохир ус Туул гол руу цутгадаг. Түүнчлэн Биокомбинат болон түүнийг дагаж суурьшсан тосгон, амралтын газрууд хаягдал усаа мөн шууд урсгаж байна. Ингэснээр 2006 оноос эхлэн Туул голын ус ихээхэн бохирдож, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх онц ноцтой зөрчигдөж, гамшгийн байдал нүүрлээд байгаа юм. Тодруулбал, Туулын бургаснуудын үндэс ялзарч, загас, шувуу үхэж, хүн, мал хордож байгаа юм. 


Түүнчлэн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Шувуун фабрик орчимд хайрга, дайрга олборлох үйл ажиллагаа хавтгайрч, малын бэлчээр, голын голдирол, хөрсийг сүйтгэж байгааг оршин суугчид хэлж байв. БОАЖЯ, НЗДТГ-аас тухайн бүс нутагт үйл ажиллагаа эрхэлж байсан 85 аж ахуйн нэгжийн 40-ийнх нь тусгай зөвшөөрлийг цуцлан, 24-т нь албан мэдэгдэл хүргүүлжээ. Гэвч одоогоор 50 гаруй аж ахуйн нэгж ажиллаж байгаа аж.


УИХ-ын дарга Г.Занданшатар дээрх нутаг дэвсгэрийн хөрс, усанд долоо хоногийн дотор байгаль орчны нарийвчилсан шинжилгээ хийх, иргэд болон малыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, хайрга, дайрга олборлож байгаа аж ахуйн нэгжүүдийг нэн даруй хаахыг холбогдох албаныханд үүрэгдлээ.


Тэрбээр “УИХ бол иргэдийн төлөөллийн байгууллага. Тиймээс иргэдийн санал бодол, хүсэл эрмэлзэлд тулгуурлаж шийдвэр гаргах ёстой. Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэдгийг бид Үндсэн хуулиараа тунхагласан. Үндсэн хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэх үүрэг нь төрийн бүх шатны байгууллага, нийт аж ахуйн нэгж, иргэн, түүний дотор УИХ-ынх. Тиймээс гамшгийн хэмжээнд хүрээд байгаа ус, хөрс, агаарын энэ бохирдлыг багасгах, цаашлаад арилгах талаар УИХ шийдвэртэй арга хэмжээ авах болно” гэв.

Холбоотой мэдээ