Монгол, Бразил жүдочдийн нөхөрсөг тэмцээн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-03-28 10:16:17

Монгол Улсын Жүдо бөхийн холбоо, Бразил Улсын Жүдо бөхийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 27-нд хоёр орны бөхчүүдийн нөхөрсөг халз барилдаан Сан Пауло хотод боллоо.

Барилдаанд эмэгтэй 3 жин, эрэгтэй 2 жингийн бөхчүүд барилдаж, Бразил Улсын шигшээ багийн ялалтаар өндөрлөв. Бразилийн талаас 2012 оны Лондонгийн олимпийн 48 кг жингийн аваргын алтан медальт Сара Менезисээр ахлуулсан “Рио 2016” олимпийн шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон бол Монголын талаас өсөх ирээдүйтэй залуу тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Уг тэмцээн нь олимпийн жил зохион байгуулагдаж байгаа төдийгүй хоёр орны жүдо бөхийн тамирчдын хамгийн анхны хамтарсан, нэгийн эсрэг нэг тэмцээн юм. Түүнчлэн жүдо бөхийн холбоодын хамтын ажиллагаа эхэлсэн гэдгээрээ онцлог арга хэмжээ болжээ.

Тэмцээнийг Бразил Улсын үндэсний хамгийн том телевиз “Globo” Бразил даяар шууд дамжуулан хүргэсэн бөгөөд энэ нь Монгол Улсыг Бразил Улсад сурталчилсан чухал үйл явдал болсон байна. Сонирхуулахад жүдо бөхийн төрөл нь Бразил Улсын хүүхэд залуусын хамгийн дуртай, сонирхон хичээллэдэг спорт бөгөөд жүдо бөхөөр нийт хоёр сая таван зуун мянган хүн хичээллэж байгаа гэсэн мэдээ байдаг.

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Элчин сайдын яамнаас санаачлан өнгөрсөн оны 10 дугаар сарын 27-нд Эрүүл мэнд, спортын яамны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан тэргүүтэй төлөөлөгчдийг Бразил Улсын “Рио дэ Жанейро” хотод байрлах Бразилийн Жүдо бөхийн холбоонд зочлуулсан.

Зочдыг Бразилийн Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Пуало Вандарли Тексейра болон холбооны бусад төлөөлөгчид хүлээн авч уулзан, "Рио 2016" олимпийн тоглолтын өмнө хоёр улсын жүдо бөхийн багийн хамтарсан бэлтгэл, тэмцээнийг зохион байгуулах талаар харилцан тохиролцсоны дагуу тус тэмцээнийг зохион байгуулав.

Б.Туул

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ