Сергей Диордица: ДЭМБ түүхий нүүрсийг хориглосон Монгол Улсын алхмыг дэмжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-05-15 13:55:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Түүхий нүүрсийг хориглосон Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж буйтай холбогдуулан ЭМЯ-наас өнөөдөр нүүрсний хор уршгийн талаар мэдээллээ.

Хэвлэлийн бага хуралд оролцсон Нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэндийн албаны дарга П.Энхтуяа хэлэхдээ, “Улаанбаатар хотын хүн амын нас баралтын 9.2 хувь, амьсгалын замын өвчлөлийн 52.9 хувь нь түүхий нүүрс хэрэглэж буй агаарын бохирдлоос үүдэлтэй байгаа”-г тодотгож байв. Нүүрс хэрэглэснээр агаарт олон төрлийн хорт хий, тоосонцор, хүнд металууд дэгддэг.

Ялангуяа, азотын болон хүхрийн давхар ислүүд РМ2 бүхий хорт нэгдлүүд ялгарч хүний амьсгал, уушгаар дамжин цусны эргэлтэд орж, зүрх, судас, уушиг зэрэг дотоод эрхтнүүдэд нөлөөлж уушигны архаг болон бусад олон төрлийн өвчний суурийг тавьдаг. Тодруулж хэлбэл, амьсгалын замаар дамжин уушигны хавдар, багтраа, амьсгалын замын халдвар, хоол боловсруулах замаар дамжин ходоодны хорт хавдар, нарийн гэдэсний болон мөн ходоодны шархлаа, үүнээс гадна зүрх судасны эмгэг, тархины хавдар, бөөрний өвчин, төв мэдрэлийн тогтолцооны эмгэг, арьсны хавдар, нас баралтад нөлөөлж буйг хэлэв.

Тиймээс Засгийн газраас гаргасан түүхий нүүрсийг ахуйд хэрэглэх, бусад зориулалтаар нийслэл хот руу оруулахыг хориглосон тогтоол өнөөдрөөс хэрэгжүүлж эхэлж байгаа нь цаг үеэ олсон шийдвэр болж буйг хэвлэлийн бага хуралд оролцогсод илэрхийлж байв. Түүхий нүүрс хэрэглэхийг хориглож сайжруулсан шахмал түлшээр орлуулснаар хорт утааны ялгарал их хэмжээгээр багасаж, агаарын бохирдол 50 хувь буурна гэдгийг онцолж, энд иргэдийн оролцоог чухал гэдгийг онцолж байв.

Хэвлэлийн бага хуралд оролцсон Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица хэлэхдээ, “Монгол Улсын агаарын бохирдлын түвшинг авч үзвэл, нийслэл Улаанбаатар хотод нарийн ширхэгт тоосонцор РМ2 хорт нэгдлийн жилийн дундаж үзүүлэлт ДЭМБ-ын агаарын чанарын удирдамжид заасан аюулгүйн түвшнээс 6-8 дахин их байгаа”-г онцолсон юм.

Тэрээр, ДЭМБ-ын тооцсоноос харахад гадаад болон дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралтыг хамтад авч үзвэл нас баралтын түвшин 100 мянган хүн тутамд 132 байгаа нь агаарын бохирдолтод хамгийн их нэрвэгдэж буй орны тоонд Монгол орж байна. Ийм үед Монгол Улсын Засгийн газар дэлхийн бусад улс орны адил түүхий нүүрс хэрэглэхийг халж, агаарын бохирдлын эсрэг тэмцэхэд зоригтой алхам хийж буйг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Б.Болд
Холбоотой мэдээ