Орхон аймаг, Эрээн хоттой найрамдалт хамтын ажиллагаа тогтоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/ Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хоттой ах, дүүгийн найрамдалт хамтын ажиллагаа тогтоосон гурав дахь хотоор Орхон аймаг, Эрдэнэт хот боллоо. Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут тэргүүтэй албаны хүмүүс Эрээн хотод айлчилж “Найрамдалт хамтын ажиллагаатай хот” болох санамж бичигт гарын үсэг зурж гадаад харилцаагаа өргөжүүлсэн юм.
“Санамж бичиг”-т Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч
Д.Батлут, ӨМӨЗО-ы Эрээн хотын даргын нэгдүгээр орлогч Вэй Гүн нар гарын үсэг
зурлаа. Үүний дараа Эрээн хотын намын дарга Жюи Шү Вэнь Засаг дарга Д.Батлутыг
хүлээн авч уулзах үеэрээ Орхон аймаг, Эрдэнэт хоттой худалдаа, эдийн засаг,
боловсруулах үйлдвэр, боловсрол, соёл урлаг, эрүүл мэндийн чиглэлээр түлхүү
хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, хүмүүнлэгийн үйлсэд ч мөн хамтрах
боломжтой гэдгээ илэрхийллээ.
Аймгийн Засаг дарга Д.Батлут тэргүүтэй албаны бүрэлдэхүүн Эрээн хотын төмрийн хүдэр боловсруулах “Пэн Шүнь” уул уурхайн компанитай танилцсан юм. Тус
үйлдвэр нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас
галт тэргээр түүхий эдээ татаж төмрийн хүдэр болгон боловсруулж БНХАУ-ын ган
хайлуулах үйлдвэрт нийлүүлдэг байна.
Мөн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн
газар хоорондын “Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” буюу хил дамнасан эдийн засаг худалдааны чөлөөт
бүсийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Тус чөлөөт бүсийн дэд бүтцийн
ажил эхэлсэн бөгөөд ойрын хугацаанд долоон үйлдвэр барьж дуусгахаар төлөвлөж байгаа
ажээ.