Хөлсний гэрээгээр ажиллаж буй иргэдийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан /МОНЦАМЭ/. Завханы Дөрвөлжин сумын ИТХ, ЗДТГ-аас “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийн уурхайд ажиллаж буй нутгийн иргэдтэйгээ уулзан хөлсний гэрээгээр ажиллаж буй иргэдийг хөдөлмөрийн гэрээтэй болгох асуудлыг шийдвэрлэжээ.
Дөрвөлжин сумын нутагт уул уурхайн олборлолтын үйл ажиллагааг
явуулж буй “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцахаар
тус сумын удирдлагууд болон ИТХ-ын тэргүүлэгчид иргэд нийт 15 хүний
бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллажээ. Энэ үеэр орон нутгийн ажилчидтай уулзан
санал бодлыг нь сонсож, ажлын байрны нөхцөлтэй нь танилцан бодит байдал, албаны
бичиг баримтуудтай танилцаж үнэлэлт дүгнэлт өгсөн байна. Ийнхүү хоёр өдрийн
турш “Баян-Айраг эксплорэйшин” ХХК болон туслан гүйцэтгэгч "Bluefin" ХХК-ийн үйл
ажиллагаатай танилцаж, санал бодлоо солилцсоны дараа хоёр компанийн удирдлагууд,
холбогдох хариуцсан мэргэжилтнүүд, сум, аймгийн ажлын хэсгийн хүрээнд дүнгийн
хурал хийж зөвлөмж гаргажээ.
Мөн цаашид хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулж, уулын ажилчдын хооллох, амрах гэрийг богино хугацаанд тохижуулах, үйлдвэрчний эвлэлийн хурлыг нэн даруй зохион байгуулж, бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэх, хөрс, ус, агаар тоос зэрэгт хөндлөнгийн хяналт тавих, хог хаягдлыг цэгцлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхийг хүссэн байна.
Түүнчлэн байгаль орчны
чиглэлийн харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчилж зарим асуудлыг нэмж
тусгах, газрын төлбөрийн гэрээг шинэчлэн байгуулах, уурхайд сумын ажилгүйдлийн
бүртгэлд бүртгэлтэй иргэдээс илүү түлхүү авч ажиллуулах, зорилтот бүлгийн 92
өрхийн иргэдийг эхний ээлжинд зохих ажлын байраар хангах, туслан гүйцэтгэгч "Bluefin" ХХК-ийн ажилчид хөлсний гэрээтэй байгаад анхаарч “Хөдөлмөрийн
гэрээ”-тэй болгох асуудлыг судалж яаралтай шийдвэрлэхээр болсон байна. "Баян
Айраг эксплорэйшн" ХХК нь Дөрвөлжин сумын нутагт 2008 оноос хойш ашигт
малтмалын хайгуул болон алт олборлох үйл ажиллагааг явуулж буй компани юм.