Хэнтий аймагт гарсан түймрийг цурманд оруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Чингис хотод ажиллаж байна. Ерөнхий сайд төрийн албан хаагчидтай уулзаж, үүрэг даалгавар өглөө.
Энэ үеэр Хэнтий аймгийн онцгой байдлынхан ОХУ-аас орж ирсэн түймрийг үүлэнд нөлөөлөх замаар цурманд оруулснаа Ерөнхий сайдад мэдэгдээд, түймрээс урьдчилан сэргийлэх, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхийг хүссэн. Засгийн газрын тэргүүн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхөө илэрхийлэв.
Ерөнхий сайд уулзалтын үеэр орон нутгийн төсвийг үр ашигтай, хяналттай зарцуулах, онцын шаардлагагүй тохиолдолд гадаад, дотоодын томилолтоос татгалзах, үр ашиггүй найр наадам хийхгүй байх, ажлын байранд архидан согтуурахгүй байх, даруухан, ёс зүйтэй ажиллах, ажлыг цаг тухайд нь шуурхай хийх, аливаа хурал, ажлыг яг төлөвлөсөн цагтаа эхлүүлж байхыг даалгалаа.
Мөн өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх боловсрол, соёл, шинжлэх ухааны албан хаагчид, эмнэлгийн эмч, ажилтнуудтай уулзав.