АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-02 12:52:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дарга, дэд даргыг томилох Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжив. 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулахдаа, АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын нөхөн томилгооны бүрэн эрхийн хугацаа 2017 оны 11 дүгээр сард дууссан хэмээн үзэж, Ерөнхийлөгч Х.Баттулга тус газрын шинэ дарга, дэд даргыг томилох саналаа хүргүүлснийг хэлээд, АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томилох ерөнхийлөгчийн саналыг журмын дагуу хэлэлцэхийг хүслээ. Мөн тэрээр, нэр дэвшигчдийн ажил байдлын тодорхойлолтыг танилцуулж, тус албан тушаалд томилогдох шаардлагыг бүрэн хангасныг онцлов. Мөн АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилохыг дэмжсэн Хууль зүйн байнгын хороо /ХЗБХ/-ны санал, дүгнэлтийг тус хорооны дарга Ш.Раднаасэд танилцуулав.



Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авлаа.


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Хуулийн байгууллагад олон жил ажилласан туршлагад нь үндэслэн зарчмын хувьд нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, “Улс төрчдийн холбогдсон томоохон хэргийг АТГ илрүүлж, хариуцлага тооцож чаддаггүй. Нам дамжсан "олигарх” гэж яриад байгаа хүмүүстэй тэмцэх нэрээр олон хүнийг хэлмэгдүүлдэг. Тиймээс хуулийн үндэстэй, нуруутай, асуудалд шударга хандаж ажиллахыг нэр дэвшигчдэд захимаар байна. Өршөөлийн хуулиар, 33 их наяд төгрөгийн бондын мөнгийг өршөөсөн гэж чөлөөлөгдөх гэж байгаа АТГ-ын удирдлагууд ярьсан. Хууль баталж, луйвар хийдэг хэсэг хүмүүстэй яаж тэмцэх вэ. Төрийн нэр барьж бондын мөнгийг өөртөө аваад хүүлээд суудаг, насаараа төрд ажилласан хэрнээ үндэслэлгүй хөрөнгөжсөн хүмүүс бий” гэлээ. Нэр дэвшигч З.Дашдаваа, “АТГ-ын шалгаж байгаа хэргүүдийг хэрхэн шийдвэрлэхийг нийгэм даяараа хүлээж байгаа. Миний бие АТГ-ын даргаар томилогдвол одоо шалгаж байгаа хэргүүдтэй танилцаж, шалгах ажиллагааг эрчимжүүлнэ. Хэргүүдийг хуулийн хугацаанд нь шуурхай шалгахад бүтэц зохион байгуулалтын ажил хийнэ” гэв.


УИХ-ын гишүүн С.Чинзориг, “АТГ улс төрөөс ангид, хуулийн дагуу хүлээсэн үүргээ шударга хэрэгжүүлэх шаардлагатай байна. Иргэдийн дунд яригдаж байгаа томоохон хэргийг шуурхай илрүүлэхийг хүсэж байна. Өмнөх удирдлагуудын алдааг засаж, оноог үргэлжлүүлж ажиллаарай. Өмнөх удирдлагууд зарим хэргүүдэд сайн ажилласан гэж дүгнэдэг. Тухайлбал, С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн асуудлыг олон нийтэд ил болгоход санаачлагатай ажилласан. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүнийг шалгахад зүтгэлтэй, ахицтай ажилласан гэж дүгнэж байгаа. Томоохон хэргүүдийн сэжүүр гарсан. Тиймээс үүнийг цааш нь үргэлжлүүлж, шуурхай ажиллана гэдэг итгэж байна” гэлээ. Нэр дэвшигч З.Дашдаваа, “Хэрэгт авагдсан баримттай танилцаж, мэдээлэл бодитой болно.  Ажилд томилогдсон өдрөөс дээрх чиглэлийг баримталж шуурхай ажиллана” гэв.

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн эхний үе шат дууслаа. Хуулийн хэрэгжилттэй холбоотой товхимолыг АТГ-аас бидэнд өгсөн. Үүнээс харахад 2017 онд тус хөтөлбөрийн биелэлт 32 хувь, ноднин 35 хувьтай байна. АТГ-аас тус хөтөлбөр хангалтгүй хэрэгжсэн гэж дүгнэсэн байна билээ. Энэ товхимолд шинжээч нарын хийсэн судалгаанд, “Монголын нийгмийн бүх хүрээнд, өдөр тутамд авлига хэвийн үзэгдэл болсон” гэжээ. Өөрөөр хэлбэл, авлига нэг төрлийн соёл болчихсон байна" гэв. Нэр дэвшигч З.Дашдаваа, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт 83 ажил төлөвлөсөн байсан. Үндэсний хөтөлбөрийн 11 зорилтод төрийн ажлыг ил тод, нээлттэй болгоход тодорхой асуудал дэвшүүлсэн байна билээ. Дээрх товхимолтой танилцсан. Ажлаа хүлээж авбал, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг дутуу хэрэгжүүлсэн шалтгааныг холбогдох албан тушаалтнаас мэдээлэл авснаар хариулах боломжтой болно гэж бодож байна” гэлээ.


УИХ-ын гишүүн О.Баасанхүү, АТГ-т 72 сая ам.долларын оффшортой холбоотой асуудлыг шалгуулахаар өгсөн гэдгээ тодотгоод, оффшорын хэрэгтэй хэрхэн тэмцэх талаар тодруулав. Мөн ЖДҮХС-гаас хамаарал бүхий этгээддээ зээл авсан албан тушаалтны хэргийг хэрхэн шалгахыг асуув. Тэрээр, 33 их наядын араас санаа зовох хэрэггүйг хэлээд, УИХ тэр өршөөгдсөн хүмүүсийг мөнгөө эргүүлэн төлөх хууль батлаад шийдэх боломжтойг хэллээ. Түүнчлэн нэр дэвшигчдийг АТГ-ын шинэ удирдлагаар сонгогдвол улс төрөөс ангид, хараат бус ажиллахыг захив. Нэр дэвшигч З.Дашдаваа, АТГ бие даан хараат бусаар ажилладаг байгууллага гэдгийг тодотгоод, хуулийн хүрээнд ажиллахаа илэрхийллээ. Мөн 72 сая ам.долларын оффшорын хэрэгтэй танилцаад эргэн хариу мэдэгдэнэ гэлээ. Нэр дэвшигч Ж.Батсайхан, АТГ-т 9 жил ажилласан гэдгээ тодотгоод, “тус байгууллагын удирдлага ямар нөхцөлд ажилладгийг сайн мэднэ" гэв. Тэрээр, албан үүргээ гүйцэтгэхэд ямар нэгэн хөндлөнгийн нөлөө гарахгүй гэдгийг онцолж, оффшортой тэмцэхэд санаачлага гарган ажиллахаа илэрхийллээ.


УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Хоёр нэр дэвшигч хуулинд заасан шаардлагыг хэрхэн хангаж байгааг тодруулж, өмнөх удирдлагын бүрэн эрхийн хугацаа дууссан гэж үзэх хуулийн тайлбар хүсэв. ЕТГ-ын дарга З.Энхболд, хуулийн шаардлагыг нэр дэвшигчид бүрэн хангасан гэдгийг тайлбарласан гэдгээ хэлээд, Авлигын эсрэг хуулиар, АТГ-ын дарга нөхөн томилогдвол, хуучин даргын бүрэн эрхийн хугацаагаар хязгаарлагддаг зохицуулалттай гэдгийг тэмдэглэв.


Ингээд гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа.  Үүний дараа УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Л.Мөнхбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал нарын гишүүд үг хэллээ.



УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, "АТГ-ын нэр дэвшигчдэд байр сууриа өчигдөр ХЗБХ-ны хуралдаанаар илэрхийлсэн. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил Засгийн газрын үүрэг. Авлигатай тэмцэх ажил гүйцэтгэх засаглалтай хамааралтай. Тиймээс АТГ-ыг улс төрөөс хараат бус байлгахын тулд статусыг эргэж харах хэрэгтэй. Хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/ авах, хэвлэлд ярилцлага өгснөөр соён гэгээрүүлэх ажлаа хязгаарлаж болохгүй. АТГ-ын 20 гаруй мөрдөгчийн шалгаж байгаа хэргийг нь хуваахад, маш их ачаалалтай байгаа нь ажиглагддаг. Тиймээс мөрдөгчийн орон тоог нэмж, байгууллагынхаа ажлыг шинэ шатанд гаргахад анхаараарай. Цаашдаа улс төрөөс ангид, хараат бус, бие даан ажиллахыг хүсэж байна" гэв.


УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, "АТГ-ын түүхэн эгзэгтэй цаг үед та бүхэн удирдлагаар нь томилогдож байна. Магадгүй, та хоёр нийгмийн хүлээлтэд хүрэхээр хэмжээнд сайн ажиллахгүй бол АТГ татан буугдаж мэднэ. Учир нь иргэд тус байгууллагад итгэхээ байсан. Би АТГ-ын өмнөх удирдлагууд сайн ажилласан гэдэгт санал нийлэхгүй байна. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байх үед хүн амины зохиомол хэрэг үүсгэж, хилсээр хүмүүсийг яллаж байсан. Нүүрсний наймаанд прокурорууд холбогдчихсон, АТГ нь УИХ-ын чуулган эхлэхийн өмнө л нэг хүн хорьдог байсан. Хэвлэлийн бага хурлаараа нэг хүн баривчилсан, сулласан гэдэг, саатуулсан хүнтэйгээ хоолонд цуг ордог, улс төрийн алиа, салбадай шиг болчихсон байсан. Ийм хариуцлагатай үед удирдлагаар томилогдож байгаа тул, сайн ажиллахгүй бол эргээд та хоёрын чөлөөлөгдөх өдөр ирнэ гэдгийг санаарай. АТГ төрийн дээд албан тушаалтнуудтай тэмцэх ёстой болохоос, нэг сургуулийн захирлыг шалгах шаардлагагүй, цагдаагийн байгууллага нь шалгах ёстой. Засгийн газар шинэ удирдлагуудыг бүх талаар нь дэмжиж ажиллана" гэв.


Гишүүд үг хэлж дууссан тул АТГ-ын шинэ дарга нарыг томилох санал хураав. АТГ-ын удирдлагуудыг шинээр томилохыг дэмжсэн ХЗБХ-ны саналыг гишүүдийн олонх дэмжлээ. Тодруулбал, АТГ-ын даргаар З.Дашдавааг 94.6 хувиар, дэд даргаар Ж.Батсайханыг 85.7 хувиар тус тус дэмжив.  Ийнхүү УИХ-ын дарга Г.Занданшатар дээрх хүмүүсийг албан тушаалд нь томилох тушаалыг танилцуулав.


Дараа нь АТГ-ын дарга нарыг чөлөөлөх асуудлаар санал хураав. АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав.


АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа:

Мэргэжил: Эрх зүйч,  хууль зүйн ухааны магистр

Боловсрол:

-1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль

-МҮДС Хууль зүйн ухааны магистр

Ажлын туршлага:

-1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч;

-1996-2001 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст  хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч,

-2002-2003 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч;

-2003-2006 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст  Эрүүгийн тасгийн дарга;

-2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;

-2008-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын  хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга;

-2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал;

-2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар  хэлтсийн дарга

-Одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байна.


АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан:

Боловсрол:

-Цагдаагийн дээд сургуулийг Хуульчэрх зүйч мэргэжлээр төгссөн

-ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

-2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн дарга

-2016-2017 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга

Холбоотой мэдээ