Монгол Улс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын 45 хувийг бодлогын баримт бичигтээ тусгаагүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-01 18:20:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаанаар “Тогтвортой хөгжлийн улс төрийн дээд түвшний чуулга уулзалтад Монгол Улсаас танилцуулах үндэсний сайн дурын илтгэл”-ийн талаарх Үндэсний хөгжлийн газрын танилцуулгыг сонслоо.


Танилцуулгыг Үндэсний хөгжлийн газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Должинсүрэн хийв. Манай улс Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний 2019 оны уулзалтын үеэр үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулах 42 орны жагсаалтад багтжээ. Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны 2018 оны тавдугаар сарын 30-ны анхдугаар хуралдаанаар уг илтгэлийг боловсруулж, тайлагнахад шаардлагатай бэлтгэл ажлыг хангах үүргийг Үндэсний хөгжлийн газарт өгсөн байна. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 165 дугаар захирамжаар Ажлын баг байгуулсан бөгөөд илтгэлийн төслийг “Хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримтлан боловсруулсныг Ж.Должинсүрэн танилцуулгадаа дурдав.


Тэрбээр, "Илтгэлийг жил бүр НҮБ-аас зохион байгуулдаг Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын үеэр танилцуулна. Үндэсний сайн дурын илтгэлийн товч тайланг энэ сарын 17-ны өдөр НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисст хүргүүлэх журамтай. Харин эцсийн хувилбарыг ирэх зургаадугаар сарын 14-ний дотор хүргүүлж, долоодугаар сарын 16-нд танилцуулах юм. Үндэсний илтгэлийн төслийг боловсруулахдаа НҮБ-ын зөвлөх багтай хамтран ажилласан" гэлээ.


Уг сайн дурын илтгэл нь “Үндэсний сайн дурын илтгэл боловсруулсан танилцуулга”, “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн төлөв байдал”, “Тогтвортой хөгжлийн зорилгыг хангах бодлогын орчин”, “Хөгжлийн тулгамдсан асуудал-Агаарын бохирдол”, “Нэгдсэн дүгнэлт” гэсэн 5 бүлэгтэй. НҮБ-аас 1995 оны есдүгээр сард 193 гишүүн орныг нэгтгэсэн 17 зорилго, 169 зорилт, 244 шалгуур үзүүлэлт бүхий 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг баталсан байдаг. Дэлхийн улс орон бүр эдгээр зорилтыг үндэсний хөгжлийн төлөвлөлтийн үйл явц, бодлого, стратегидаа тусгах ажлыг хийсэн бөгөөд манай улс ч “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичгийг батлан гаргасан. Гэвч Үндэсний хөгжлийн газраас хийсэн судалгаагаар манай улс НҮБ-ын дээрх зорилтуудаас 45 хувийг нь бодлогын баримт бичгүүддээ тусгаагүй гэсэн дүн гарчээ. Харин одоогоор дунд болон богино хугацааны бодлого, төлөвлөлтөд хэрхэн тусгасан талаарх судалгааг хийж байгаа бөгөөд энэ долоо хоногт нэгтгэж дуусгахаар ажиллаж байгаа аж. Түүнчлэн улсын төсвийг зорилго, төлөвлөлттэйгөө уялдуулах, урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх зорилтоо зөв эрэмбэлэх, асуудлыг цогцоор нь шийдвэрлэх тал дээр дутагдалтай байгааг илтгэлд тусгасан байна.


Танилцуулгын дараа УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, А.Ундраа нар ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн “Тогтвортой хөгжлийн асуудлаарх хоёрдугаар чуулган" энэ сард Улаанбаатар хотноо болно гэдгийг дурдлаа. Чуулганы үеэр үндэсний сайн дурын илтгэлийг хэлэлцэх тул эцсийн хувилбарыг бэлэн болмогц УИХ-д хүргүүлэх чиглэл өгөв.

Холбоотой мэдээ