Хөгжлийн банкны ТУЗ-ийг шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-01 16:51:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанаар арилжааны банкуудын санхүүжүүлэх боломжтой төсөлд бага хүүтэй зээл олгож байгааг нэн яаралтай зогсоож, томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж байхыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд нь даалгав.


2012-2016 онд Чингис, Самурай, Евро бонд болон бусад эх үүсвэрээс аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон албан тушаалтныг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, зээлээ хугацаанд нь төлөөгүй компаниудын зээлийг төлүүлэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад хандахыг мөн даалгалаа. Түүнчлэн тус банкны ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, банкны менежментийг олон улсын туршлагатай багт хариуцуулах асуудлыг судлан шийдвэрлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгав.


Засгийн газрын 2019 оны 76 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын баг Хөгжлийн банкинд шалгалт хийж 62 зөрчил, дутагдал илрүүлсэн байна. Эдгээрийг арилгах, шалгалтын мөрөөр арга хэмжээ авах, шалгалтаар өгсөн санал, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж, гуравдугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Төлөөлөн Удирдах зөвлөлд даалгасан юм.

Холбоотой мэдээ