УИХ-ын дарга Г.Занданшатар Фридрих-Эберт сангийн төлөөлөгч Н.Хегевиштэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-01 17:28:17
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар ХБНГУ-ын Фридрих-Эбертийн Сангийн Монгол Улс дахь салбарын суурин төлөөлөгч ноён Нийлс Хегевишийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд ноён Нийлс Хегевиш Монгол Улсын Их Хурлын даргын чухал, хариуцлагатай албанд томилогдсонд нь баяр хүргэхийн сацуу тус Сангийн дарга Күрт Бекээсийн халуун дотно мэндчилгээг уламжлав. Тэрбээр, парламентын удирдлага нь Монгол Улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулах боломжтой, хариуцлагатай албан тушаал болохыг тодотгож, ардчиллын чанар парламентын үйл ажиллагаа ба ард түмний төлөөлөгчдөөс голлон хамаардаг болохыг онцоллоо.



УИХ-ын дарга Г.Занданшатар талархал илэрхийлж, хөдөлмөрийн эв санааны нэгдлийн өдөр уулзаж буйд баяртай байна гээд Фридрих-Эбертийн Сангийн дарга Күрт Бекээст хариу мэндчилгээ уламжлахыг хүсэв. Тэрбээр, "Монгол Улс олон улсын түвшинд эрх чөлөө, шудрага ёс, эв санааны нэгдлийн зарчим дээр суурилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэхийн төлөө улам эрч хүчтэй хамтран ажиллах болно. Эдгээр зарчмууд дээр үндэслэн Монголын парламентын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр зорьж байна" хэмээн дурдаад, үүнд Фридрих-Эбертийн сан хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн Монголын парламентын ёс зүйн дүрэмд шинэчлэл хийж буйг дуулган, УИХ дахь парламентын дэг журам, ёс зүйн хороог шинээр байгуулахыг зорьж байна гэв. Ингэснээр Монгол Улсын бүхий л төрийн албанд дэг журам, ёс зүйг чанд мөрдүүлэхэд хяналт тавьж ажилладаг бүтэц бий болно гэлээ. 


Ноён Нийлс Хегевиш бүхий л талаараа дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйгаа хэлээд, монголын парламент бол ардчиллын ноён нуруу хэмээн тодотгож, ирэх онд ХБНГУ-ын Бундестагийн гишүүдийг Монгол Улсад ажлын айлчлал хийлгэх гэж буйг дуулгав. Уулзалтын төгсгөлд талууд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.


 ХБНГУ-ын Фридрих-Эбертийн Сан нь /ФЭС/ дэлхийн 120 гаруй оронд өөрийн төлөөлөгчийн газартай, дэлхийн, бүс нутгийн болон үндэсний түвшинд үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага юм. ФЭС нь 1990-ээд оноос Монгол Улсад ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үйл явцаас эхлээд эрх зүйт төрийг бэхжүүлэх, нийгмийг ардчилахад өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ