Олны анхаарлын төвд байгаа томоохон хэргүүдийг илрүүлэхийг захив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-30 18:30:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч З.Дашдаваа, дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан нарын томилгооны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргад нэр дэвшигчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу санал болгож, УИХ-д зөвшилцөхөөр хүргүүлсэн юм. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нээж, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар, О.Батнасан нар оролцож, нэр дэвшигчдээс асуулт асууж  хариулт авахын зэрэгцээ, тэдэнд хандан  үг хэлж, байр сууриа илэрхийлэв.


Түүнчлэн, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөгчид нэр дэвшигчдээс асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл авлигаас урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах, томоохон хэргүүдийг илрүүлж, шалган шийдвэрлэх, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах, тайлагнах ажиллагааг нарийн, тодорхой болгох шаардлагатай байгааг дурдаж байв.



Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч З.Дашдаваа “Томилогдсон тохиолдолд урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажиллагааг иргэд болон иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллагын дэмжлэгээр зохион байгуулна. Томоохон хэргүүдийг шалган шийдвэрлэхэд удирдлага, зохион байгуулалтаар хангах болно" гэлээ. Харин дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан “Ажил, албан тушаалаа ашиглаж хэн нэгэнд давуу байдал олгохгүй, шударга ажиллана” гэв.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, "УИХ-тай зөвшилцдөг болон УИХ-аас томилдог албан тушаалтантай холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг явуулснаар иргэдийн УИХ-д болон төрд итгэх итгэл дээшлэнэ. Нэр дэвшигчид ч иргэдийн хяналтад орж байна. Цаашид УИХ-тай зөвшилцдөг болон томилдог бүх албан тушаалтныг олон нийтийн хараа хяналт дор хэлэлцэж байх болно” гэлээ.


Хэлэлцүүлэгт иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагын 70 гаруй төлөөлөгч оролцов.

Холбоотой мэдээ