Ж.Бямбадорж: Сэжигтнүүдийг шилжүүлэн хорьсноос эрүүдэн шүүх асуудал гарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-30 16:43:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын 18 дахь илтгэлийг сонсов.


Уг илтгэлийг “Монгол Улс дахь хүний эрхийн боловсролын талаарх бодлого, түүний хэрэгжилт”, “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал”, “Ажлын байран дахь бэлгийн дарамтын нөхцөл байдал”, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдал” сэдвээр боловсруулжээ.


Хуралдаанд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, комиссын гишүүн П.Оюунчимэг, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал, Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Дамдинцэрэн нар оролцлоо.


Илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Ш.Раднаасэд, Ж.Батзандан Н.Оюундарь, Д.Ганболд нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүд өмнөх 17 илтгэл,ийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьсныг тодруулахын зэрэгцээ С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэнтэй холбоотой санал, гомдлуудыг тусгасан эсэхийг тодруулж байв. Мөн эмнэлгүүд дохионы орчуулагчгүйн улмаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 80 хувь нь эмнэлгийн үйлчилгээ авах боломжгүй байгааг шийдвэрлэх, төрийн байгууллагуудад ажлын байрны бэлгийн дарамт газар авсан зэргийг шийдвэрлэх асуудлыг хэрхэн тусгасныг тодрууллаа.


ХЭҮК-ын дарга  Ж.Бямбадорж, "Монгол Улсад 25 хорих анги, цагдан хорих байр бий. Өмнөговь, Өвөрхангай, Баян-Өлгий аймагт байрлаж байгаагаас бусад бүх цагдан хорих байрыг шинэчилсэн. Ингэснээр цагдан хорих байруудын орчин, нөхцөл сайжирсан. Харин эрүүдэн шүүлттэй холбоотой асуудал тасрахгүй байна. Олон улсын холбогдох баримт бичгүүдэд иргэнийг оршин сууж буй газарт нь мөрдөн шалгах ёстой гэж заасан. Гэтэл Улаанбаатар хотын иргэнийг Төв, Дархан-Уул аймагт шилжүүлэн хорьсны улмас эрүүдэн шүүхээс эхлээд хүний эрхийн зөрчил үүсч байна. 18 дахь илтгэлийг орчуулж, олон улсын байгууллагуудад хүргүүлсэн учраас С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн асуудлыг оруулах боломжгүй" гэлээ.


Ажлын байрны бэлгийн дарамтын хохирогчдын дийлэнхийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд ажлаасаа гарах эсхүл гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэх эрсдэл дагуулдаг гэдгийг ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг  тодотгов. Мөн ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн албан тушаалтан, хүмүүсийн тухай мэдээллийг хуулийн дагуу ил болгох боломжтойг дурдсан юм.


Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийт 109 мянга 306 байна. ЭМЯ-наас хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд шаардлагатай эрүүл мэндийн мэдээллийн маягтуудыг шинэчлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслээр тогтмол хангахаар төлөвлөн ажиллаж байгааг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэллээ.

Холбоотой мэдээ