Монгол, БНХАУ-ын соёлын салбарынхан туршлага солилцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-30 12:34:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Н.Оюундарь БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвийн ерөнхий захирал Ли Вэй тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2019.04.30) хүлээн авч уулзав.


Уулзалтаар талууд хоёр улсын соёл, урлаг, хүмүүнлэг, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо. Тухайлбал, хоёр улсын соёл, урлагийн ажилтнуудыг харилцан туршлага солилцуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, орон нутаг мужуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, “Нэг бүс – Нэг зам” санаачилгын хүрээнд хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцлаа.


УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Тавдугаар сарын 28-29-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 290 жилийн ой тохионо. Энэ хүрээнд Монгол, ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Чөлөөт бүсийг үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор гурван улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар ажиллаж байна” гэлээ.


БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвийн ерөнхий захирал Ли Вэй хоёр орны соёл, урлаг, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлов. Мөн тэрбээр, орон нутгийн хэмжээнд цаашдын хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх боломж бололцоог судлах зорилгоор энэ долоо хоногт Сэлэнгэ аймагт ажиллах гэж буйгаа дурдлаа. Мөн хоёр улсын боловсрол, соёл, урлагийн салбарын харилцааг хөрш орнуудын харилцааны жишиг болгон хөгжүүлэхэд бэлэн байгаагаа тэмдэглэлээ.

Холбоотой мэдээ