Лам бөх түрүүлж болохгүй хэмээн үзүүрлэсэнд тооцож байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-03-24 13:04:11

Үндэсний бөхийн аваргагүй аймгуудын нэг бол Завхан аймаг.  Гэвч Завхан аймаг хамгийн олон аваргатай байхаар сонин баримт бий. Учир нь энэ аймгийн олон бөх аварга цол авах болзолыг хангасан ч өгөлгүй өнгөрч байсан түүх байдаг.

Тухайлбал Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Улсын арслан С.Шагж 1928, 1929 онуудад 9 даван үзүүрлэж, 1930 онд 10 даван түрүүлсэн ч аварга цолыг нь өгөлгүй хэлмэгдүүлжээ. Дараа нь Завхан аймгийн Идэр сумын харьяат урт гарт хэмээх Улсын арслан М.Лхагва 1931 онд 9 даван үзүүрлэж, 1933 онд 10 даван түрүүлж, 1939 онд дахин түрүүлэхэд нь хүчээр буулгаж дайны жил лам бөх түрүүлж болохгүй хэмээн үзүүрлэсэнд тооцон аварга цолыг өгөөгүй аж.  Улмаар М.Лхагва арсланг лам хэмээн хэлмэгдүүлэн 10 жил чанга дэглэмтэй ангид ял эдлүүлэх шийдвэр гаргажээ. Тэрээр долоон жил чанга дэглэмтэй ангид хоригдож суллагдаад улсын наадамд нас ахисан хойноо таван жил дараалан тав давж байжээ.

Мөн Завхан аймгийн Жавхлант сумын харьяат Ш.Батсуурь 1947, 1948 оны улсын наадамд түрүүлжээ. Гэвч тухайн үеийн засаг захиргааны хувиараар Завхан аймгийн Жавхлант сумыг татан буулгахад Дархан аварга Ш.Батсуурь төрсөн газраа даган Говь-Алтай аймгийн Жаргалант сумаар овоглох болжээ. Өөр сонирхолтой баримт дурдахад Дархан аварга Х.Баянмөнхийн аав шударга хэмээх Довчин Завхан аймгийн Баянтэс сумын уугуул иргэн аж. Гэвч тэрээр төрж өссөн Увсын Хяргас сумаар овогложээ. Мөн Улсын аварга Г.Эрхэмбаярын аав ээж хоёул Завхан аймгийн уугуул хүмүүс. Харин Г.Эрхэмбаяр Сэлэнгэ аймгийн Мандал сумаар овогложээ. Ийнхүү Завханыг аварга зугтдаг нутаг гэж яригддаг нь ийм баримтуудтай холбоотой байна. 

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ