Дэлхийн банкны төв байранд Монголын өв соёлыг сурталчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-04-25 08:19:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, Дэлхийн банк болон “Олон улсын худалдааны төв” ТББ-тай хамтран “Монголын өвийн өдөр” соёлын ажлыг Дэлхийн банкны төв байранд энэ сарын 23-нд зохион байгуулав.

“Олон улсын худалдааны төв” ТББ-ын санаачилсан “Монгол Улсад үйлдвэрлэв” ажлын хүрээнд зохион байгуулсан энэхүү соёлын өдөрлөгийг  нээж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Стратеги, үйл ажиллагаа хариуцсан Захирал Шяочин Ю нар үг хэлсэн бөгөөд АНУ-ын Төрийн департамент, Батлан хамгаалах яам, Дэлхийн банк, ОУВС болон Монголын компаниудтай бизнесийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй гадаадын иргэд, АНУ-д оршин суугаа монгол иргэд зэрэг 300 гаруй хүмүүс үзэж сонирхлоо.


Энэ үеэр хүрэлцэн ирсэн зочдод зориулан Монголын үндэсний урлагийн үзүүлбэрийг толилуулж, соёл уламжлал, ёс заншлаа сурталчлан таниулсны зэрэгцээ Монголын ноос, ноолуур, арьс шир, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Говь”, “Гоёо”, “Алтай кашмер”, “PCY”, “Glamour”, “Mogol” “Хос Аз”, “Марал”, “Хур”, “Moncream”, “Mонос”, “ТЭСО”, “Хаадын гэр” зэрэг компани өөрсдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулав.


Мөн Монголын компаниуд цаашид бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд борлуулах зорилгоор АНУ-ын ижил чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудтай холбоо тогтоож, харилцан туршлага судалсан юм.


Дэлхийн банкны байранд ирэх сарын 16-наас 7 дугаар сар хүртэл “Урлагаар шинэчлэхүй-Монголын өв, соёлыг сурталчлан таниулах зураг, уран бүтээлийн үзэсгэлэн” болох бөгөөд энэ үеэр Монголын уран зургийн бүтээлүүдийг олон нийтэд толилуулах аж.

 


Холбоотой мэдээ