Катана хотын зоогийн газарт байсан тэсрэх төхөөргийг аюулгүй болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКАТАНА. /TASS/. Шри Ланка улсын цагдаагийн газрын ажилтнууд Катана хотын нэгэн зоогийн газарт тавьсан байсан тэсрэх төхөөргийг аюулгүй болгосон тухай “Newsfirst” цахим хуудас мэдээлжээ.
Тус хуудсанд мэдээлснээр, тэсрэх бөмбөг үүргэвчинд байсан байна. Хэргийн газар терроризмтой тэмцэх ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Цагдаа нар мөн Коломбо хотын "Савой" кинотеатрын зогсоолд байрлуулсан байсан сэжиг бүхий мотоциклыг дэлбэлсэн тухай Шри Ланкагийн Хэвлэл мэдээллийн сайд Руван Вижевардене урьд нь мэдээлжээ.
Шри Ланкагийн түүхэн дэх хамгийн цуст цуврал халдлага энэ сарын 21-нд гарсан билээ. Тус улсын Коломбо, Негомбо болон Баттикалоа хотын католиг сүмүүдэд болон зочид буудлуудад найман дэлбэрэлт болсон юм. Цуврал халдлагыг Шри Ланкагийн иргэд болох долоон амиа золиослогч үйлджээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр, дэлбэрэлтүүдийн улмаас 359 хүн амиа алдсан байна.