ХБИ-ийн холбоодын зөвлөлийн үйл ажиллагаанд нийт 23.5 сая төгрөгийг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-04-24 17:37:00

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2017 оны а/57 дугаар захирамжаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг дарга удирдан дэд даргаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн Д.Ганчимэгийг ажиллуулж байна.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд оролцох боломжийг бүрдүүлж, хөдөлмөр эрхлэх, суралцах, хөнгөлөлтэй зээлд хамрагдах, ажлын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авахад нь дэмжлэг үзүүлнэ гэж тусгасан.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлийн үйл ажиллагаанд сүүлийн гурван жил буюу 2017 онд 8.0 сая, 2018 онд 7.5 сая, 2019 оны 4 сард 8.0 сая нийт 23.5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, зарим ажлыг гүйцэтгүүлсний үр дүнд тэд хууль эрх зүйн, мэргэжлийн чиг баримжаа олгох, амьдрах ухааны сургалтуудыг иргэдэд үе шаттай зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн үйлчилгээний байгууллагын ажиллагсдад дохионы хэл заах, байгууллагуудын дэд бүтцэд хяналт үнэлгээ хийх зэрэг арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсний зэрэгцээ 20 гаруй иргэд ажлын байртай болж, гэрээрээ хөдөлмөр эрхэлж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулдаг худалдааны лангуу ажиллуулан түрээсийн хөнгөлөлт үзүүлж байна.

Архангай аймгийн хэмжээнд 2018 оны байдлаар харах эрхтний, сонсголын, хэл ярианы, хөдөлгөөний согогтой, сэтгэцийн эмгэгтэй, хавсарсан эмгэгтэй, бусад эрхтний согогтой 3523 иргэн байгаагийн 41.2 хувь буюу 1451 нь эмэгтэй байна.

Холбоотой мэдээ