Булган сумын сургууль "Ардын урлаг соёлыг өвлөн дэлгэрүүлэх сургууль"-аар шалгарчээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-04-23 16:39:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын ивээл дор «Ирээдүйн одод» хүүхдийн урлагийн их наадмыг энэ сарын 22-ны өдөр Өлгий хотноо зохион байгууллаа.

Монгол, казахын ард түмний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэх, үндэсний урлаг, зан заншлаараа бахархах үзэл төлөвшүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Хөгжимт драмын театр, "Дэлхийн зөн-Монгол" олон улсын байгууллагын орон нутгийн хөтөлбөр хамтран зохион байгуулсан урлагийн наадамд тус аймгийн ерөнхий боловсролын 23 сургуулиас 420 сурагч оролцжээ. Оролцогчид дуу, бүжиг, хөгжим, язгуур урлагийн төрлөөр авьяас чадвараа сорин өрсөлдсөн байна.

Урлагийн наадмыг мэргэжлийн уран бүтээлчид шүүн явуулсан бөгөөд нийлбэр дүнгээр Булган сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагчид тэргүүлж "Ардын урлаг соёлыг өвлөн дэлгэрүүлэх сургууль"-аар тодорчээ.

Энэ удаагийн тэмцээнд шалгарсан сурагчид ирэх сард Говь-Алтай аймагт болох Баруун бүсийн хүүхдийн урлагийн их наадамд оролцох аж. 

Холбоотой мэдээ