Ажил хайж байгаа иргэдийн 48.2 хувь нь эмэгтэйчүүд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-04-23 14:04:32

Архангай /МОНЦАМЭ/. 4 дүгээр сарын 1-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 1225 иргэн байгаагийн 48.2 хувь нь буюу 591 нь эмэгтэйчүүд байна. Өнгөрсөн оны мөн үеийнхээс бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 14.4 хувиар багасчээ.  

Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 99.0 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 185 нь дээд, 62 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 908 нь бүрэн болон бүрэн бус дунд, 58 нь бага боловсролтой хүмүүс байна. 3 дугаар сард ажилгүйчүүдийн бүртгэлд 300 хүн шинээр бүртгүүлж, 68 хүн ажилд зуучлуулан оржээ. Оны эхний 3 сард аймгийн дүнгээр 118 ажлын байр шинээр бий болсон байна.

Шинэ ажлын байрыг сумдаар үзвэл Эрдэнэбулган 27, Хотонт 20, Хайрхан 7, Батцэнгэл 6, Булган 6, Жаргалант 6, Өндөр-Улаан 6, Цэцэрлэг 6, Цэнхэр 6, Эрдэнэмандал 5, Өлзийт 5, Хашаат 5, Өгийнуур 4, Тариат 3, Цахир 2, Хангай 2 ажлын байрыг тус тус бий болгосон бол Төвшрүүлэх, Чулуут, Ихтамир суманд шинэ ажлын байр бий болгоогүй байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ