Бөхмөрөн суманд цөм сүрэг бүрдүүлэх төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-04-22 23:28:01

Увс /МОНЦАМЭ/. Ирвэстэй нутгийн ирээдүй төслийн зүгээс Бөхмөрөн сумын удирдлагууд болон ХАА-н тасгийн мэргэжилтнүүд, малын эмч нарыг оролцуулсан “Мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгж байгуулах техник эдийн засгийн үндэслэл” сэдэвт сургалтыг өнөөдөр тус суманд хийсэн байна.

“Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн хүрээнд Бөхмөрөн суманд “Мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгж” байгуулж, Хар алтат багт 96 сая 933 мянган төгрөгийн өртөг бүхий малын чанар сайжруулах “Цөм сүрэг бүрдүүлэх” төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. Мөн нэн шаардлагатай байгаа мал үржлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн захиалга явуулахаар болжээ. Ингэснээр мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний үйл ажиллагаа явуулах анхны бие даасан нэгжийг байгуулж, цөм сүрэг бүрдүүлэх, малын чанар сайжруулах, малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжүүлэх нөхцөл боломж Бөхмөрөн суманд бүрдсэн байна.

Тус сургалтыг “Ирвэстэй нутгийн ирээдүй төслийн зөвлөх, зөвлөх мал зүйч Б.Арилдий, аймгийн орон нутгийн төслийн зохицуулагч Д.Тогтохбаяр нар хөтлөн явуулсан байна.

Холбоотой мэдээ