“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн нээлт болов

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2019-04-22 18:18:23

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 255 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн нээлт Говь-Алтай аймагт дөрөвдүгээр сарын 22-нд боллоо.

Нээлтэд “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсгийн багийн ахлагч Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Ж.Батжаргал, ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа, Боловсрол соёл урлагийн газрын Эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Х.Наранцэцэг, Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга Б.Энхцэцэг нар оролцсон бөгөөд мөн үеэр тус аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал “Хүүхдийн амны хөндий, шүд эрүүл байхад эцэг, эх, асран хамгаалагчид, цэцэрлэг, сургуулийн багш нарын үүрэг оролцоо чухал юм” хэмээлээ.

Хөтөлбөрийн нээлтэд Есөнбулаг сумын гуравдугаар цэцэрлэг, нэгдүгээр сургуулийн багачууд мэндчилгээ дэвшүүлэн, Улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэгийн хүүхдүүд шүдээ тогтмол угааж байхыг оролцогчдод уриаллаа.

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг дөрвөн нэгжээр бууруулахыг зорьж байгаа гэнэ.

Хөтөлбөрийг цахим хяналтаар явуулах бөгөөд эхний ээлжид 2-6 насны хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлэх ба нэг хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлэхэд дунджаар 60 мянган төгрөг зарцуулахаар тооцсон байна. Говь-Алтай аймгийн "Анар дент", "Воко дент", "Халиун" шүдний эмнэлэг уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр сонгогдсон байна. Түүнчлэн тус аймагт 2-12 настай 12623 хүүхэд байгаа бөгөөд энэ онд 2-6 настай 5970 хүүхэд үзлэг шинжилгээнд хамрагдана хэмээн тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.