Нил Армстронгийн сансрын нисэгчийн хувцсыг музейд тавина

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2019-04-19 15:29:13

ВАШИНГТОН. /TASS/. Сансрын нисэгч Нил Армстронгийн хүн төрөлхтний түүхэнд анх удаа сарны гадаргуу дээр хөл тавихдаа өмсөж байсан сансрын нисэгчийн хувцсыг /скафандр/ музейд тавина. 


Армстронгийн скафандрыг АНУ-ын нийслэл Вашингтон хотын төвд оршдог Үндэсний нисэх хүчин болон сансар судлалын музейд долдугаар сарын 16-нд тавих аж. Энэ гайхамшигт үзмэрийг хүмүүс 13 жилийн дараа анх удаа үзэх боломжтой болж байна гэж музейн хэвлэлийн алба мэдээлжээ. Армстронгийн скафандрыг тусгай шилэн хоргонд байрлуулах аж. Үүнээс гадна, дэлхийн цорын ганц дагуул дээр хүн төрөлхтөн анх удаа хөл тавьсны 50 жилийн ойд зориулж, нээх үзэсгэлэнгийн гол үзмэр болно.


1969 оны долдугаар сарын 21-нд "Аполлон-11" сансрын хөлгийн багийнхан сарны гадаргуу дээр анх удаа буусан юм. Тэд саран дээр АНУ-ын төрийн далбааг мандуулснаас гадна, шинжлэх ухааны багаж хэрэгслийг байрлуулж, 21.55 кг хөрсний дээж авсан билээ.


Холбоотой мэдээ