“Нэг Монгол нэг зүгт. Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн” ном Гран при шагнал хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-18 17:38:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн Улсын Их Сургууль, Орос-Монголын хамтын ажиллагааны төв, “Их сургуулийн ном” (Университетская книга) төслөөс хамтран зохион байгуулсан Сибирийн бүс нутгийн шилдэг ном шалгаруулах VIII уралдаанд тэргүүлэгчдэд шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо.


“Их сургуулийн ном” уралдаант шалгаруулалт 20 жилийн түүхтэй бөгөөд ОХУ-ын дотоодод болдог байснаа энэ онд анх удаа гадаадад буюу Монгол Улсад зохион байгуулж байгаа юм байна. Энэ удаагийн шалгаруулалт “Евразийн ертөнц: Олон улсын оролцоотой шинжлэх ухаан, боловсрол, соёл” сэдвийн хүрээнд болжээ. “Их сургуулийн ном-2019” уралдаант шалгаруулалтын шүүгчид монгол болон монгол-орос зохиогчдын хамтран бүтээсэн 600 гаруй номоос сонгон шалгаруулж, Гран при шагналаас гадна хэд хэдэн ангиллаар шилдгүүдийг тодруулсан байна. Уралдааны Гран при шагналыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Нэг Монгол нэг зүгт. Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн”, зохиолч, найруулагч Д.Төрмөнх “Миний мэдэх “Женко Баттулга”, академич Т.Дорж “XX зууны эхний хагасын Орос, Монголын харилцааны тулгамдсан асуудлууд” номоороо тус тус хүртлээ.  Эдгээр бүтээл орос хэлээр хэвлэгдсэн байна.     



УИХ-ын дарга Г.Занданшатарын “Нэг Монгол нэг зүгт. Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн” ном ардчилсан эрх зүй, төрт ёсны уламжлалаа хослуулах замаар цэгцтэй, хариуцлагатай, шударга, тогтвортой төрийг цогцлоох, төр нь иргэндээ хүндлэгдэж, иргэнээ төр нь дээдэлж байх нь хөгжлийн тулгуур зүй тогтол мөн” гэсэн үзэл баримтлалыг, хэрэгжүүлэх арга замын хамт дэвшүүлэн тавьснаараа онцгой үнэ цэнтэй бүтээл болсон гэж шалгаруулагчид үзжээ.


Уралдаант шалгаруулалтыг зохион байгуулагчид Гран при шагналаас гадна “Гадаад хэлээрх шилдэг бүтээл”, “Орос хэлээрх шилдэг бүтээл”, “Орос, монгол хэлээрх шилдэг бүтээл”, “Эдийн засаг, менежементийн шилдэг бүтээл”, “Экологи, байгаль орчны менежментийн шилдэг бүтээл”, “Хэвлэлийн шилдэг төсөл” зэрэг ангиллаар 10 гаруй бүтээлийг тодруулснаа зарлаж, шагналыг гардуулсан юм.


Шагналыг ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Сибирийн бүс нутгийн удирдлагын газрын дарга А.А.Колович, Орос-Монголын хамтын ажиллагааны төвийн захирал, хатагтай Т.Л.Музычук, “Университетская книга” сэтгүүлийн уралдаант төслүүдийн захирал, хатагтай Е.П.Шеметова нар гардуулав.

Холбоотой мэдээ