Сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд үзүүлэх эсэхийг түр хороо шийднэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-18 13:17:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар "Түр хороо байгуулах" тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Олон улсын парламентын удирдах зөвлөлөөс "Монгол Улсын дээд шүүхийн шийдвэрээр, 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүн таслах ажиллагаа нь хүний эрхийн хэмжүүр болон шударга шүүхийн зарчимд нийцээгүй" хэмээн үзжээ. Тиймээс тус зөвлөл уг хэргийг шударга шүүхээр шийдвэрлэх, цаашид ч шийдвэрлэнэ гэдгийг баталгаажуулах үүднээс УИХ дэргэдээ парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх шинэчилсэн хороо байгуулахыг уриалжээ. Энэ дагуу УИХ-ын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар, С.Зоригийг хөнөөсөн хэргийг судалж, санал дүгнэлт боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, А.Сүхбат нар санаачлан, боловсруулсан байна. Түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар нар ажиллахаар тогтоолын төсөлд тусгасан юм.


Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Энэ хэргийн мөрдөх ажиллагааг улсын нууцад оруулсан байгаа. Ер нь бол Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх материалыг л нууцын зэрэглэлд оруулдаг. Гэтэл ийм ил тод хэргийг нууцын зэрэглэлд оруулсан нь буруу” гэлээ.


С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд ил болгох эсэхийг УИХ-ын гишүүн О.Содбилэг гишүүн асуув. Эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд үзүүлэх эсэхийг түр хороо байгуулсны дараа шийднэ гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэллээ.


Ийнхүү тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ