Эх дагинын сүмийг сэргээн засварлахад залуучуудыг бэлтгэнэ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-04-18 12:01:55

ПАРИС. /NHK/. Гал түймэрт сүйдсэн Эх дагинын сүмийг сэргээн засварлахтай холбогдуулан Францын Засгийн газар залуучуудыг бэлтгэхээр төлөвлөж байна.


Ерөнхийлөгч Эмманюэль Макрон лхагва гарагт холбогдох яамны сайд нар болон Парис хотын дарга Энн Идальго, НҮБ-ын Боловрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын ерөнхий захирал Одри Азулай нартай уулзалт зохион байгуулжээ.


Энэхүү уулзалтыг хаалттай зохион байгуулсан бөгөөд уулзалтад оролцогчдын мэдээлснээр, түүхийн дурсгалт барилгыг сэргээн засварлахад ур чадвартай ажилтнууд дутагдалтай байгааг хурлын үеэр онцлоод, энэ чиглэлд залуучуудыг бэлтгэх талаар хэлэлцсэн ажээ.


Сүмийг сэргээн босгох ажилд дэмжлэг үзүүлнэ гэдгээ олон компани, хувь хүн илэрхийлээд байгаа бөгөөд цугласан хандивын хэмжээ лхагва гарагийн байдлаар 850 сая евро буюу 960 сая орчим ам.долларт хүрээд байна.


Орчин үеийн технологид тулгуурлан сүмийн оройг хэрхэн шинээр барих талаар олон улсын архитектурын тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа Францын Ерөнхий сайд Эдуард Филипп олон нийтэд мэдэгджээ.


Парис хотын төвд байрладаг түүхийн дурсгалт байгууламжид даваа гарагийн орой дэгдсэн гал түймрийн улмаас сүмийн 90 метр орой болон дээврийн гуравны хоёр орчим хэсэг сүйдсэн юм. 

Холбоотой мэдээ