Улсын ерөнхий прокурорын орлогчийн томилгоог нээлттэй хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-15 18:00:32
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын ерөнхий прокурорын хоёр орлогчийн албан тушаалын томилгоотой холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар өнөөдөр /2019.04.15/ нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав.


Энэ нь парламентын түүхэн дэх, дээд албан тушаалтны томилгоотой холбоотой анхны нээлттэй хэлэлцүүлэг болохыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан онцлов.


Тэрбээр хэлэлцүүлгийг нээж, "Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 8-ны өдөр Улсын ерөнхий прокурорын хоёр орлогчийг зөвшилцөхөөр УИХ-д нэрийг нь өргөн барьсан. Хуулийн хүрээнд зөвшилцдөг албан тушаалын томилгоотой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжтой. Иргэний нийгмийн байгууллагаас дэвшүүлсэн санаачилгын дагуу энэхүү хэлэлцүүлгийг хийж байна” гэлээ.


УИХ-ын гишүүн Л.Болд, Х.Нямбаатар, Ж.Батзандан нар мөн нэр дэвшигчдэд хандан үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

 

Нээлттэй хэлэлцүүлэгт "Монгол хүн бүрийн төлөө”, "Их нутаг, хүн зоноо хамгаалъя", "Монголын эрдэмтдийн төв зөвлөл", "Босоо хөх Монгол", "Нэхүүл", "Монголын ахмадын холбоо", "Хараат бус захирлуудын холбоо", “Дархан Монгол нэгдэл” зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл 93 хүн оролцлоо. Үг хэлсэн оролцогчид Улсын ерөнхий прокурорын орлогчид зөвшилцөхөөр УИХ-д нэрийг нь өргөн барьсан М.Чинбат, С.Алиманцэцэг нараас  асуулт асууснаас гадна прокурорын шударга байдал,  хууль эрх зүйн шинэчлэлтэй холбоотой санал бодлоо хэлсэн. 


Нэр дэвшигч М.Чинбат энэ үеэр прокурорын байгууллагад 20 гаруй жил ажиллаж байгаагаа хэлээд, Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилогдвол нийгэмд хүлээлт үүсгээд байгаа хариуцлагын асуудалд анхаарал хандуулж ажиллана гэв. Мөн “Байгаль орчин, нийтийн эрх ашиг хохирсон асуудалд прокурорын байгууллага тууштай ажиллах ёстой. Томоохон асуудлуудыг хуульд заасны дагуу шалгана. Ямар нэг субьектив хандлага гаргахгүй" хэмээлээ.

 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Л.Оюун-Эрдэнэ нар орж ирж, байр сууриа илэрхийлэв.

 

Төгсгөлд нь, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “УИХ-ын гишүүд болон оролцогчид нэр дэвшигчидтэй холбоотой эргэлзээтэй асуудлуудад өөрсдөөс нь хариулт авч, захиас даалгавар хэллээ. Цаашид хэрхэн ажиллах талаар байр суурийг нь сонсов. Ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй асуудлуудыг анхаарууллаа. Энэ бүгдийг хүлээж авч, цаашдын үйл ажиллагаандаа тусгана гэдэгт итгэж байна” гээд хоёр нэр дэвшигч болон оролцогчдод амжилт хүслээ. Тэрбээр мөн, иргэд олон нийт, иргэний нийгмийн байгууллагын санаачилгаар зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэг амжилттай болсныг тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ