“World Press Photo-2019” уралдааны шилдэг зураг тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-04-12 10:04:19

ГААГА. /TASS/. Мексик, АНУ-ын хилийн бүсэд авсан уйлж буй охины зураг “World Press Photo-2019” уралдааны шилдэг зургаар шалгарлаа. Олон улсын уралдааны ялагчдыг тодруулах, мөн дурсгалын шагналуудыг гардуулах ёслол Нидерланд улсын нийслэл Амстердам хотод пүрэв гарагт болжээ. 


Америкийн гэрэл зурагчин Жон Мурын авсан гэрэл зурагт Гондурасаас ирсэн Янел охин АНУ-ын хилийн албаны ажилтан түүний ээж Сандра Санчест нэгжлэг хийж байх үед уйлж буй мөч буужээ. Санчесийн ярьснаар, АНУ-д хүрэхээсээ өмнө тэрбээр Төв Америк болон Мексикийг туулахад сарын хугацаа зарцуулсан байна.


Энэ зуур Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа “тэг тэсвэр тэвчээр” бодлого зарлаж,  улмаар хил дээр саатуулагдсан цагаачид эрүүгийн хариуцлага хүлээж болзошгүй болжээ. Үүний улмаас саатуулагдсан олон эцэг эхийг үр хүүхдүүдээс нь салгаж, цагдан хорих янз бүрийн газар руу явуулсан байна. Жон Мурын гэрэл зураг нийтлэгдсэний дараа Янел болон түүний ээж тусгаарлагдсан олон мянган гэр бүлийн дотор байхгүй гэж Америкийн хилийн алба мэдэгджээ. Үүний сацуу дээрх маргаантай арга хэмжээ нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан учир Трамп өнгөрсөн оны зургадугаар сарын 20-нд цуцалсан байна.


“World Press Photo” уралдааны шилдэг зураг нь гайхшралыг төрүүлсэн, өвөрмөц, цаг үеэ олсон, дурсамжтай байх ёстой. Ялсан гэрэл зурагт энэ бүгд шингэсэн гэж хэлж болно” гэж шүүгчдийн бүрэлдэхүүний дарга Уитни Жонсон онцлон хэлжээ.  


“Жилийн түүх” төрөлд Холланд-Шведийн гэрэл зурагчин Питер Тен Хопены “Цагаачдын цуваа” цуврал гэрэл зураг ялсан байна. Түүний зургуудад мөн улс төрийн дарамт шахалт, хүчирхийллийн улмаас, эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас зугтаж, илүү сайхан амьдралыг эрэлхийлэн Төв Америкийн орнуудаас АНУ-ыг зорьж буй цагаачдын тухай өгүүлнэ.



“World Press Photo-2019” олон улсын уралдааны ялагчид, шагналтнуудын бүтээлүүдийг “World Press Photo” үзэсгэлэнд дэлгэнэ. Уг үзэсгэлэнг бүтэн жилийн хугацаанд дэлхийн 50 гаруй улсад зохион байгуулах юм. Уламжлал ёсоор анхны үзэсгэлэн Амстердам хотын Шинэ сүмд дөрөвдүгээр сарын 13-нд нээгдэнэ.


“World Press Photo” нь олон улсын гэрэл зурагчдын хамгийн нэр хүндтэй уралдаан юм. 1955 оноос эхлэн явуулж буй уг уралдааны гол зорилго нь гэрэл зургийн сэтгүүл зүй, баримтат гэрэл зургийн өндөр стандартыг хөгжүүлэх, дэмжих юм. Энэ жилийн уралдааны ялагчдыг дэлхийн 129 орны 4700 гэрэл зурагчны 79 мянга орчим гэрэл зургаас сонгон шалгаруулжээ. Үүнээс нийт 8 номинацид 25 орны 43 гэрэл зурагчны бүтээл шалгарсан байна.



Холбоотой мэдээ