Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах асуудлаар зөвлөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-04-11 17:06:20

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас “Эх, хүүхдийн эрүүл  мэндэд – Бидний оролцоо” салбар дундын зөвлөгөөнийг зохион байгуулж, эх, хүүхдийн эндэгдлийг хэрхэн бууруулах талаар санал солилцлоо.

Уг асуудалд талуудын оролцоог хангахын тулд аймгийн ЗДТГ, ЦГ, ХХҮГ, ГБХЗХГ, БОЭТ, төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдээс 150 хүн оролцсон юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай аймагт эхийн эндэгдэл гараагүй хэдий ч 1-5 насны хүүхдийн эндэгдэл улсын дунджаас илүү үзүүлэлттэй байна. Үүнд нярайн эндэгдэл болон осол, аваарт өртөх байдал зонхилж буй бөгөөд эцэг, эхчүүд төдийгүй багийн дарга нар, нийгмийн ажилтнууд, хүн бүр хүүхдэд анхаарлаа хандуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, сургалт сурталчилгаа явуулж хэвшсэнээр хүүхэд осолд өртөх асуудал буурна гэдгийг Эрүүл мэндийн газрын дарга Д.Шиваанүрдэв хэлж байв.

Эхчүүдийн дунд дутуу төрөх, амьгүй төрөх, гаж ураг тээх тохиолдол багагүй байгаа учраас учир шалтгааныг тодруулж, судалгаа явуулах шаардлагатайг аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал хэллээ. Жирэмсэн эхийг эрт хяналтад авах, санамж зөвлөгөөг цаг алдалгүй өгөх, өсвөр насны охидод эрүүл мэндийн боловсролыг сайтар олгох, сум, багийн дарга нар болон эрүүл мэндийн байгууллагын уялдаа, холбоог сайжруулах зэрэг олон асуудлыг зөвлөгөөнөөр хэлэлцэв.

2019 онд жирэмсний хяналтыг 90 хувиас дээш гаргах, нярайн эндэгдлийг тууштай бууруулах, осол аваар, ахуйн гэмтлийг багасгах зорилтыг хэрэгжүүлэхээр боллоо. Он гарсаар эхний хоёр сарын хугацаанд аймгийн хэмжээнд нялхсын эндэгдэл 10, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 14 тохиолдлоор бүртгэгджээ.

Холбоотой мэдээ