УИХ-ын Бодлогын зөвлөл байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-11 10:49:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын залгамж чанар, парламентын засаглалын чадавхыг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй Бодлогын зөвлөл байгуулжээ.


УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 4-нд үе үеийн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар, ШУА болон МУИС, Удирдлагын академийн эрдэмтэд, залуу хуульчид, судлаачдыг хүлээн авч уулзсан. УИХ-ын ажлын залгамж чанарыг хангах, хууль тогтоох болон хянан шалгах чиглэлээр гишүүдэд арга зүй, мэдээллийн дэмжлэг үзүүлэх, судалгаа шинжилгээний төвийг байгуулж, бэхжүүлэхэд зөвлөгөө өгөх, хамтран ажиллах чиг үүрэгтэй орон тооны бус Бодлогын зөвлөл байгуулах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа УИХ-ын дарга энэ үеэр илэрхийлсэн юм. Энэ үндсэн дээр дээрх Бодлогын зөвлөл байгуулжээ.


Бодлогын зөвлөлд үе үеийн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар, ШУА, МУИС, Удирдлагын академи, АНУ, Их Британи, ОХУ, Япон, Франц, Герман зэрэг улсад хуулийн чиглэлээр доктор, магистрын зэрэг хамгаалсан, олон улсын туршлага судалсан гурван үеийн эрдэмтэн, судлаач, профессоруудын төлөөллийг хамруулсан байна.

Холбоотой мэдээ