УИХ дахь АН-ын бүлэг тарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрөөс албан ёсоор тарсан талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдээлэв.
УИХ-ын тухай хуулиар ээлжит сонгуулиар 8 болон түүнээс дээш суудал авсан
нам бүлэг байгуулах эрхтэй байдаг. АН-аас УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намын бодлого, үзэл баримтлалын эсрэг ажилласан хэмээн үзэж өнгөрсөн оны 12 дугаар сард хөөсөн. Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Болд тус намаас гарч буйгаа мэдэгдсэн юм.
Тиймээс АН-ын бүлгийн үйл ажиллагааг өнөөдрөөс дуусгавар болгож байгааг УИХ-ын
гишүүн Д.Эрдэнэбат онцлов. Тэрбээр, “Харин АН-аас УИХ-ын гишүүнээр сонгогдсон
долоон гишүүн хамтран Зөвлөл байгуулах боллоо. Зөвлөлийг миний бие даргалах юм.
Энэ тухай албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлнэ. Бүлэг тарсан тухай мэдээллийг
УИХ дарга энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд танилцуулах
байх. Бүлэг тарснаар УИХ-аар хэлэлцэж буй хууль, тогтоолын төслүүдийн
хэлэлцүүлгийн үеэр завсарлага авахаас эхлээд олон эрх хаагдана. Гэхдээ УИХ дахь
АН-ын зөвлөл сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх болно” гэлээ.
Мөн УИХ дахь АН-ын зөвлөлөөс “Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг "Стандарт" банканд барьцаалсан хэргийг нарийн шалгах ажлын хэсэг байгуулах болжээ. Энэ
талаар зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, “Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд
тавьсны 40 сая ам.долларын өрийг ард түмний халааснаас төлөх ёсгүй. Үүнийг
буруутай этгээдүүдээр төлүүлэх ёстой. Мөн арбитрын шүүхэд “Стандарт" банктай заргалдсаны зарлага буюу өмгөөлөгчийн хөлсөөс эхлээд бусад бүх зардлыг
буруутай этгээдүүдээр төлүүлэх нь зөв юм. Энэ асуудлыг хууль, хяналтын
байгууллага нэн даруй шалгаж, шийдвэрлэх ёстой” хэмээв.
УИХ-ын Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон 29
хууль, тогтоолын төслийн 18-ыг нь өргөн мэдүүлээгүй байгаа аж. Тиймээс тэдгээр хууль, тогтоолын төслийг нэн даруй өргөн барих шаардлагатай гэдгийг цохон
тэмдэглэсэн юм.