Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үед замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 24-26-нд ОБЕГ, НЗДТГ-тай хамтран зохион байгуулахаар болсон. Сүүлийн 30 жилд нийслэлд ийм том хэмжээний дадлага сургууль болж байгаагүй юм.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь болзошгүй гамшгийн
аюулаас хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах,
урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох
хойшлуулшгүй ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Гамшгаас хамгаалах
алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, ард иргэдийг сургаж дадлагажуулах, гамшгаас
хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох,
хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, "Энэхүү дадлага сургууль нь
сүүлийн 30 жилд анх удаа болох гэж буй нийслэлийг хамарсан томоохон ажил" гэдгийг
онцлоод ”Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ сарын 24-ний өдөр эхэлнэ. Энэ
өдөр олон нийтэд хандсан ажил болохгүй бөгөөд нийслэлийн удирдлага,
олон улсын байгууллага гээд төрийн болон төрийн бус
байгууллагын удирдлагын түвшинд команд штабын сургалт болно. Харин 25-нд
иргэдийг хамруулах дадлага сургууль болно. Энэ өдөр 08:00 цагаас зарлан
мэдээллийн дохио нийслэл даяар дуугарснаар иргэдийн дадлага сургууль
эхлэх тул дохио сонссон эсэхээс үл хамааран иргэд заасан цагт орон
байрнаасаа гарч аюулгүй талбайд нүүн шилжих дадлага сургуульд хамрагдах
учиртай. НИТХ-аас баталсан 111 аюулгүйн талбай бий. Эдгээр талбайд
заасан маршрутын дагуу нүүн шилжинэ гэсэн үг. Энэ үеэр
буюу 25-ны 07:00-10:00 цагт нийслэлийн замын хөдөлгөөнөөс
гадна Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг зогсооно. Тиймээс гурван
цагийн хугацаанд ард иргэд маань хүлээцтэй байж, дадлага сургуульдаа идэвхтэй
оролцохыг хүсэж байна” гэв.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, ”Энэхүү
сургууль нь гамшиг ослоос урьдчилан сэргийлэх дадлыг иргэддээ хэвшүүлэхэд чухал
нөлөөтэй тул иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж
байна. Ингэснээр үүсэж болзошгүй хохирлыг бууруулах ач
холбогдолтой” гэв.
Дадлага сургуультай холбогдуулан тухайн өдрийн ажлын цагийг
10:00 цагаас эхлүүлэх юм. Гэхдээ газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, цуглах талбай зэргийг мэдээлсэн хуудсыг иргэдэд хүргүүлэх
тул иргэн та тэрхүү хуудсыг нүүн шилжих талбайдаа авч очин,
бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлж, дадлага сургуульд оролцсон гэсэн
бүртгэл хийлгэх аж.