Эмч нарт есөн сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-04-09 16:53:10

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.6-д Нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, эхийн эндэгдэлгүй ажиллан, хүүхдийн эндэгдлийг улс аймгийн дундажид хүргэж, тогтвортой бууруулах зорилтын хүрээнд тодорхой ажлуудыг хийж байна.

Тухайлбал, шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор тусламжийн хожимдол буурахгүй байгаа тул ЭМГ-аас 2018 онд “Төрөх насны эмэгтэйчүүд, жирэмсэн эхийн нэрийн хяналт”-ыг орон нутагт аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр зохион байгуулж, хэрэгжүүлж эхэлсэн. Үүнийг эрчимжүүлэх үүднээс өнөөдөр аймгийн Засаг даргын захирамжаар сумдын ЭМТ-ийн эх баригч болон багийн эмч, өрхийн ЭМТ-ийн эмч нийт 101 эмчид сар бүр утасны төлбөрт 10,000 төгрөгийн дэмжлэг үзүүлж байхаар боллоо. Энэ нь жилийн туршид үргэлжлэх бөгөөд нийт 9 сая төгрөг болж байгаа юм. Ирэх жилүүдэд ч энэ дэмжлэг үргэлжлэх юм байна. 

Архангай аймгийн хаягтай нөхөн үржихүйн насны 24307 эмэгтэй байгаагаас 5377 нь шилжүүлэг хийлгээгүй, орон нутагтаа оршин суудаггүй гэсэн судалгаа гарчээ. Аймгийн харьяа хэрнээ өөр газар амьдарч буй дээрх 5377 эмэгтэйгээс жилд 384 эх жирэмсэлж төрөх боломжтой тул энэ хөдөлгөөнт хүн ам руу чиглэсэн хяналтыг сайжруулах шаардлага байна гэж үзэн “Төрөх насны эмэгтэйчүүд, жирэмсэн эхийн нэрийн хяналт”-ыг эхлүүлсэн байна.

Жишээ нь, Эрдэнэбулган сумын нэгдүгээр багийн иргэн Ханд шилжүүлэг хийлгэлгүй Улаанбаатар руу шилжиж, тэндээ жирэмсэлж, нярай юмуу өөрөө эндвэл Эрдэнэбулган сумын нэгдүгээр багийн эмчид хариуцлага ноогдуулах журамтай ажээ. Ийм эндэгдэл гаргахгүйн тулд багийн эмч иргэн Хандтай холбогдож Улаанбаатарын аль дүүрэг, хороонд харьяалагдаж байна, тэр харьяаллын ӨЭМТ-ийн эмчтэй холбогдож жирэмсэн эмэгтэйн нэрийг албан ёсоор шилжүүлж ажиллах юм байна. Ингэснээр Архангай аймгийн нярай болон эхийн эндэгдэл буурна гэж үзэж байгаа ажээ.  

Холбоотой мэдээ