Геологийн мэдээлэл солилцох боломжийг хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-22 14:19:14

УЛААН-ҮД. /baikalfinans/. Монгол Улсын нутаг дэвсгэрийн талаарх 1960-1990 онд хийсэн геологийн мэдээллийн тайлангийн хувилбарыг тус улсад шилжүүлэн өгөх асуудлыг Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын газрын хэвлийн баялгийг ашиглах салбарт хамтран ажиллах ажлын хэсгийн гурав дахь удаагийн хуралд оролцогсод хэлэлцжээ. Уг баримт бичиг ОХУ-ын Геологийн санд хадгалагддаг байна. Ажлын хэсгийн хуралдаан Оросын Байгаль орчны яаманд болсон тухай тус яамны хэвлэлийн алба мэдээлжээ.

“Дээрх асуудлаас гадна, хоёр орны нутаг дэвсгэрт ажлын зөвлөгөөн болон төслийн хүрээнд геологийн хээрийн экспедиц явуулах зэргийг оруулаад “Төв Ази болон хөрш зэргэлдээ газар нутгийн 1:2500000 масштабтай геологийн газрын зургийн атлас” бүтээх олон улсын төслийн ажилд Орос, Монгол  хоёр хамтран ажиллах нь чухал болохыг дахин нотоллоо” гэж хэвлэлийн мэдээлэлд дурджээ.

Дээрх хуралд Оросын талаас тус улсын Байгаль орчны яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга, газрын хэвлийн баялгийг ашиглах салбарын ажлын хэсгийн ахлагч Нуритдин Инамов тэргүүтэй төлөөлөгчид, Монголын талаас тус улсын Уул уурхайн яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын захирал Н.Энхбар тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна. Төлөөлөгчдийн тэргүүн нар газрын хэвлийн баялгийг ашиглах ажлын хэсгийн дараагийн хурлыг зохион байгуулах нь ихээхэн ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэжээ.

Дээрх хоёр байгууллага ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яам болон Монгол Улсын Эрдэс Баялаг, эрчим хүчний яам хооронд 2010 онд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хамтран ажилладаг байна.

Уулзалтад ОХУ-ын Байгаль орчны яам, Гадаад хэргийн яам, Газрын хэвлийн баялгийг ашиглах газрын төлөөлөгчид болон Монгол Улсын Уул уурхайн яам, Уул уурхайн зураг, төсөл зохиогчдын холбоо, Ашигт малтмалын газрын Геологийн албаны, мөн ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны төлөөлөгчид оролцжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ