“Korean Air” компанийн ерөнхийлөгч таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-08 10:43:54

СӨҮЛ. /Reuters/. БНСУ-ын иргэний агаарын тээврийн “Korean Air” компанийн ерөнхийлөгч Чо Ян Хо уушигны архаг өвчний улмаас өнөөдөр 70 насандаа таалал төгслөө гэж “Korean Air” компани мэдэгдлээ.


Сүүлийн жилүүдэд “Korean Air” компани Чо Ян Хогийн гэр бүлийн гишүүдийг тойрсон дуулиан шуугианы бай болоод байсан юм. Тухайлбал, өнгөрсөн жил Чо Ян Хог хөрөнгө мөнгө шамшигдуулсан, итгэл алдсан хэрэгт буруутгасан нь хамгийн том дуулиан шуугиан болоод байсан. Тухайн үедээ Чо Ян Хо энэ бүх мэдэгдлийг няцааж байсан аж.


Чо Ян Хогийн гэр бүлийг тойрсон дуулиан түүний ууган охины гаргасан зохисгүй үйлдлээс эхлэлтэй юм. Тодруулбал, түүний ууган охин Чо Хюн Ха “самрыг зохих тавганд хийж авчирч өгсөнгүй” гэх шалтгаанаар онгоцны үйлчлэгч рүү хашгичиж, түүнийг онгоцноос буулгахын тулд онгоцыг Нью-Йоркийн нисэх онгоцны буудал руу буцахыг тушаасан байна. Чо Хюн Хагийн гаргасан энэхүү зохисгүй авир нь  "Korean Air" компанийн нүүр царайг халтартуулж, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бай болсон юм. Тэрбээр тухайн үед тус компанийн дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байжээ.


Ташрамд дурдахад, Чо Ян Хог таалал төгссөн тухай мэдэгдсэний дараа “Korean Air” компанийн хувьцаа 3 хувиар өссөн байна.  

Холбоотой мэдээ