"Оюутан цэрэг" хөтөлбөрийн нээлт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-04-06 23:38:05

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Засгийн газрын тогтоолоор “Оюутан цэрэг” хөтөлбөр зургаан жил амжилттай хэрэгжиж ирсэн. Дархан-Уул аймгаас тус хөтөлбөрт гурав дахь жилдээ оюутнууд хамрагдаж байна. Өнөөдөр “Уул уурхай эрчим хүчний” политехникийн коллежийн урлаг зааланд оюутан цэрэг хөтөлбөрийн нээлт боллоо.

Хөтөлбөр хэрэгжсэнээр цэргийн насны залуус иргэний цэргийн үүргээ биелүүлж, цэргийн алба хаах шинэчлэл, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгаагаараа ач холбогдолтой гэж нээлтэд оролцсон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат онцоллоо.

Хөтөлбөрт хамрагдаж буй оюутан цэргүүд 04 дүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 01 хүртэл “Уул уурхай эрчим хүчний” политехникийн коллежийн байранд онолын хичээлийг судлах аж. Харин цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтаа 06 дугаар сарын 14-аас 08 дугаар сарын 14-ны хугацаанд Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангид хийх ажээ.

Сурахын зэрэгцээ цэргийн эрдэм, мэдлэгт суралцах нь оюутан залуусын хувьд цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, эх орноо батлан хамгаалах, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвших, цаашлаад төрийн албанд ороход нээлттэй болсон гэдгийг оюутнууд онцлон тус хөтөлбөрт хамрагдаж буйгаа илэрхийлж байлаа.

Холбоотой мэдээ