Б.Жаргалсайхан: Прокуроруудыг эдийн засгийн чиглэлээр мэргэшүүлэх шаардлагатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль, зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох асуудлыг зөвшилцөх тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг хэлэлцлээ.
Байнгын хорооны хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нэр
дэвшигчийг танилцууллаа. Энэ үеэр Ж.Ганбаатар гишүүн прокурорын байгууллага
шударга, шуурхай ажиллахад саад болж буй хуулийн зүйл, заалт байгаа эсэхийг нэр
дэвшигчээс тодрууллаа.
Нэр дэвшигч Б.Жаргалсайхан, “Зөрчлийн хууль батлагдсанаас хойш багагүй
хугацаа өнгөрлөө. Энэ хуультай холбоотой олон асуудал бий. Уг асуудлыг өөрчлөх
саналаа прокурорын байгууллагаас холбогдох албаныханд хүргүүлсэн. Бусад
хуультай холбоотой зөрчлүүд ч байгаа” гэлээ.
Прокурорын байгууллагын боловсон хүчний чадавх ямар түвшинд байгааг
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тодрууллаа. Мөн тэрбээр, “Хэдэн сэтгүүлчийг Монгол
Улсын засгийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийсэн гээд 6 сар орчим хорьсон
хэрэг гарч байна. Энэ мэт буруу жишиг байгаа” хэмээв.
2009 оноос хойш прокурорын байгууллагын боловсон хүчин харьцангуй
залуужсан. Тиймээс залуу прокуроруудыг чадавхжуулах шаардлагатай байгаа юм. Тэр дундаа прокуроруудыг эдийн
засгийн чиглэлээр мэргэшүүлэх шаардлагатай гэдгийг нэр дэвшигч Б.Жаргалсайхан
хэллээ.
Харин Ж.Батзандан, О.Батнасан нарын гишүүн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн
сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн асуудал болон бусад “Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь,
газрын наймаа, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг хэргүүдийг шийдвэрлэхэд анхаарлаа
хандуулж ажиллахыг захилаа. Түүнчлэн хууль зөрчдөг, томилсон албан тушаалтнаа
хамгаалдаг прокуроруудыг цэвэрлэх, С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй
Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллаж, мөрдөн байцаалтыг дахин эхлүүлэх
хэрэгтэй хэмээв.
Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь дэмжлээ.
Б.Жаргалсайханы намтар:
1988-1990 онд Өвөрхангай аймгийн, Прокурорын Газарт хяналтын прокурор,
1990-1996 Тээврийн Прокурорын Газарт
тээврийн прокурор,
1996-2000 онд Өвөрхангай аймгийн Прокурорын Газарт прокурор,
2009-2011 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хяналтын прокурор,
2011-2014 онд Тээврийн Прокурорын Газар тээврийн прокурор,
2014-2015 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хэлтсийн дарга,
2017.01.07-2017.07.01 Улсын Ерөнхий Прокурорын Газрын Хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга,
2017 оноос Улсын Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган
шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн
зөвлөхөөр ажиллаж байна.
Холбоотой мэдээ

