"Хүүхдийн спорт өнөө ба ирээдүй” сэдэвт олон улсын форум болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр /2019.04.04/ "Чингис" зочид буудлын хурлын танхимд "Хүүхдийн спорт өнөө ба ирээдүй" сэдэвт олон улсын форум боллоо.
Энэхүү форумыг биеийн тамир, спортын эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний ажлын явц, үр дүнг хэлэлцэх, гадаадын эрдэмтдийн судалгааны ажлын талаарх мэдээлэл авах, залуу судлаачдыг дэмжих үйл ажиллагааг тасралтгүй явуулах, өсвөр үеийн бие бялдрын хүмүүжлийн асуудлыг цогцоор хэлэлцэж, дүгнэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ.
Энэ удаагийн форумыг Монголын үндэсний олимпын хороо, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, Монголын үндэсний олимпын академи, Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулиас хамтран зохион байгууллаа.
Ес дэх удаагаа болж буй тус форум нь Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн 10 жилийн ойн хүрээнд зохиож байгаа бөгөөд Монгол, ОХУ, Япон, Энэтхэг улсын 100 гаруй эрдэмтэн, судлаач, багш, дасгалжуулагчид оролцов.
Форумд өсвөр үеийн бие бялдрын хүмүүжил, хүүхдийн спортын хөгжил, олимпизмын үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, олимпын боловсрол олгох ажлын агуулга, хэлбэрийг боловсронгуй болгох чиглэлээр 10 гаруй илтгэл тавьж, 30 гаруй судалгааны эмхэтгэл хэлэлцсэн юм.