Азийн шилдэг шатарчдын бүсийн тэмцээн Улаанбаатарт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-04-04 16:16:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ази тивийн 3.3” бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг анх удаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 6-16-нд зохион байгуулна.


Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дараа орох тивийн 2 дахь том тэмцээнийг эх орондоо зохион байгуулах талаар өнөөдөр Монголын шатрын холбооноос мэдээлэл хийлээ.


Энэхүү тэмцээн “Ази тивийн 3.3” бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээний есөн өргийн дараах жагсаалтын шилдэг хоёр эрэгтэй шатарчин "Дэлхийн цом"-д оролцох эрх, шилдэг эмэгтэй шатарчин нь эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус тус оролцох эрх авна. Энэ эрхийн төлөө өрсөлдөхөөр Монгол, Индонез, Вьетнам, Филиппин, Өмнөд Солонгос, Малайз, Хонконгийн 100 орчим чансаа өндөртэй шатарчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Тухайлбал, Олон улсаас Филиппин улсын тамирчин Азийн анхны Их мастер Eugene-Torre, Индонез улсын тамирчин Их мастер Susanto Megaranto, Вьетнам улсын тамирчин их мастер Tran MinThang, Индонез улсын тамирчин Олон улсын мастер Novendra Priasmo, Вьетнам улсын Олон улсын мастер Tran Tuan Minh, Монгол улсаас их мастер Б.Хатанбаатар, Б.Гүндаваа, Ц.Батчулуун, Б.Мөнхтуул тэргүүтэй шилдэг, олон улсын мастерууд оролцоно.


Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Г.Оюунчимэг, орлогч шүүгчээр олон улсын шүүгч Jamie Kenmure нарын тэргүүтэй 11 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллана. Энэ тэмцээний үеэр олон улсын дасгалжуулагчийн сургалт, олон улсын шүүгчийн сургалт, “Монгол шатар” олон улсын нээлттэй тэмцээн зохион байгуулах юм.


Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын шатрын холбоо, хамтран зохион байгуулагчаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Төрийн банк, Premium Palace, Улаанбаатар чуулга, Гэрэлт дизайн хэвлэлийн компани оролцож байна.


Мөн хэвлэл мэдээллийн дэмжигчээр МҮОНРТ, MNC телевиз, МОНЦАМЭ агентлаг зэрэг байгууллага ажиллах юм. Тэд тэмцээнийг 3 төрлийн шууд дамжуулалтаар улс, тивийн хэмжээнд сурталчилна. 

Холбоотой мэдээ