"Чандраян-2" аппаратын нислэг дөрөв дэх удаагаа хойшилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-04 14:48:57

ШИНЭ ДЕЛИ. /РИА Новости/. "Чандраян-2" аппаратыг сар руу хөөргөх хугацааг 5 дугаар сар хүртэл дахин хойшлуулсан тухайгаа Энэтхэгийн Сансрын судалгааны байгууллага болох ISRO-гийн захирал Кайласавадиву Сиван мэдэгдлээ. Гэвч ямар шалтгаанаар хугацааг хойшлуулсан талаар тэрбээр мэдээлэл өгөөгүй байна. 


Уг аппаратыг 2018 оны 4 дүгээр сард анх хөөргөхөөр төлөвлөж байсан боловч 10 дугаар сар болгож хойшлуулсан байна. Дараа нь 2019 оны 1 дүгээр сар, 4 дүгээр сар хамгийн сүүлд 5 дугаар сар хүртэл нийтдээ 4 удаа хойшлууллаа.


"Чандраян-2" төсөл нь 2008 оны 10 дугаар сард "Чандраян-1" аппаратыг сар руу хөөргөснөөр эхэлсэн Энэтхэгийн сарны хөтөлбөрийн үргэлжлэл юм. Уг аппарат сарны тойрог замд 312 хоног ажиллахдаа сарны гадаргуу дээр тандах төхөөрөмж буулгасан байна.


Анхандаа "Чандраян-2" төсөлд Орос улсыг оролцуулж, Орост үйлдвэрлэсэн модулийг буулгахаар төлөвлөж байсан боловч 2013 онд энэтхэгчүүд аппаратны бүх эд ангийг өөрсдөө хийхээр шийдвэрлэжээ.


Энэтхэг улс 1947 оноос хойш бие даасан сансрын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд үйл ажиллагааг нь ISRO байгууллага зохицуулдаг байна.


Холбоотой мэдээ