1108 тэмээ уралдаж, түүхэнд бичигдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-03-22 12:15:44

ЛОНДОН. /Guinnessworldrecords/. Энэ сарын эхээр Монголд болсон тэмээний баяраар 1108 тэмээ уралдаж, түүхэнд бичигдлээ.

Тоо толгой нь цөөрч байгаа хоёр бөхт тэмээг хамгаалах санаачилгын хүрээнд Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар хамгийн олон тэмээний уралдааныг зохион байгуулсан байна.

Уралдааны замын урт нь 15 км байсан бөгөөд хамгийн анхны тэмээ 35 минут 12 секундэд барианд орсон бол хамгийн сүүлийн тэмээ нэг цаг 8 минутад барианд оржээ.

Уг түүхэн арга хэмжээнд Гиннесийн амжилтын шүүгч Правин Патель оролцож, зохион байгуулагчдад албан ёсны гэрчилгээг гардуулжээ.

Тэмээний баярыг анх 1997 онд зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ үеэс хойш уг арга хэмжээний хүрээ тэлж, хоёр өдөр үргэлжилдэг болсон байна. Арга хэмжээний үеэр тэмээний уралдаан, тэмээн поло болон багийн бусад тэмцээн, хүүхдэд зориулсан яруу найргийн уралдаан, зургийн тэмцээн болон бусад тэмээтэй холбоотой арга хэмжээнүүд болдог байна.

Уг түүхэн дээд амжилтыг тогтоохоос өмнө 2011 оны 11 дүгээр сарын 19-нд Өвөр Монголын өөртөө засах орны Алшаа аймагт 555 тэмээ уралдаж байжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ